В.Путин Д.Трамптай уулзахад бэлэн байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2017-11-08 16:00:46
ДАНАНГ. /РИА Новости/. Вьетнам улсад болох Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын /АПЕК/ дээд хэмжээний уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын төрийн тэргүүн Д.Трамптай уулзахад бэлэн байгаа гэж Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгджээ.

РИА Новости агентлагийн мэдээлснээр, “Манай улсын ерөнхийлөгчтэй уулзахаар төлөвлөж байгаа тухайгаа АНУ-ын төрийн тэргүүн Д.Трамп мэдэгдсэн. Хоёр улсын төрийн тэргүүний ёслолын албад харилцаа холбоотой ажиллаж байгаа бөгөөд хоёр удирдагчийн ажлын хуваарь эцэслэн батлагдвал та бүхэнд мэдээлэх байх” гэж Сергей Лавров хэлсэн байна.

Түүнчлэн Сергей Лавров АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсонтой уулзаж, засаж залруулах шаардлагатай байгаа хоёр талын харилцаа хийгээд Солонгосын хойг, Ирак, Украин, Сирийн асуудлыг зохицуулах талаар, Израиль болон Палестины сөргөлдөөний талаар хэлэлцэж магадгүй гэж мэдэгджээ.
Э. Аянзаяа


Холбоотой мэдээ