Хонгор сумын Салхит багийн цэвэрлэх байгууламжийг шинэчиллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2017-11-13 19:11:00
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр замын Салхит зангилааны цэвэрлэх байгууламжийн технологи шинэчлэлийн ажил товлосон хугацаандаа бүрэн дуусч, намрын адаг сарын 25 буюу 11 дүгээр сарын 13-нд хүлээлгэн өглөө. Хонгор сумын Салхит багт байрлах уг цэвэрлэх байгууламж нь 1978 онд ашиглалтад орсон, Салхит өртөөний 16 байрны 204 айл өрх, 11 аж ахуйн нэгж, байгууллагын бохир усыг гар аргаар хлоржуулан хээрийн шугам руу гаргадаг байжээ.

Энэхүү цэвэрлэх байгууламжийн шинэчлэлтийг хийснээр бүх тоног төхөөрөмж нь автомат үйлдэлтэй болж байгаагаараа ач холбогдолтой юм. Төмөр замын Салхит зангилааны цэвэрлэх байгууламжийн технологи шинэчлэлийн ажлыг УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа санаачилж Улаанбаатар Төмөр замын 350 сая төгрөгөөр “Ус Боргио” ХХК хийж гүйцэтгэсэн байна. Тус компани нь цэвэрлэх байгууламжийн барилга угсралт, тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, туршилт тохируулга, лабораторийн шинжилгээ сургалтыг цогцоор нь хийдэг аж.

Технологи шинэчлэлтийн ажлыг хийхээс өмнө тус цэвэрлэх байгууламж нь хоногт 200 м3 ус цэвэрлэдэг байсан бол одоо хоногт 300-350 м3 ус цэвэрлэх хүчин чадалтай болж байгаагаараа ач холбогдолтой юм.
Л.Отгонбаатар
Холбоотой мэдээ