"Хаан бугуйвч-Хатан сүйх” хөшөөнд цэцэг өргөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2017-11-14 17:54:10
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан, Улан-Үд хотуудын хооронд ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ой энэ онд тохиож байна. Тэртээх 1967 оны 4 дүгээр сард БНМАУ-ын Дархан хот, ЗСБНХУ-ын Буриадын Автономит Улсын Улан-Үд хотуудын хооронд ах дүү хотын найрамдалт харилцааны анхны гэрээ байгуулагдсан түүхтэй ажээ.
Энэхүү гэрээ нь Дархан хотын хувьд дэлхийн улс орны хотуудтай ах дүү хот болж гадаад харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх үндэслэлийг тавьсан төдийгүй найрамдалт харилцааны анхдагч нь болсон гэдгээрээ онцлог юм.

Ах дүү хотуудын найрамдалт харилцааны түүхт  50 жилийн ой тохиож байгаа энэ өдрүүдэд Улан-Үд хотын захирагч, төр захиргааны болон бизнес эрхлэгчдийн төлөөлөл манай аймагт айлчлан ирсэн. Энэ сарын 14-16-ны өдрүүдэд тохиох Соёлын өдрүүдэд зочид, төлөөлөгчид оролцох юм. Аймгийн Засаг дарга, Улан-Үд хотын захирагч нарын албаны төлөөлөл түүхт 50 жилийн баярыг тэмдэглэх ажлын хүрээнд найрамдлаар овоглосон Дархан хотын бэлэг тэмдэг "Хаан бугуйвч-Хатан сүйх" хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.
Л.Отгонбаатар

 
Холбоотой мэдээ