Э. Энхзаяа: Цас орсон нутгуудын 30 хувь нь зудын эрсдэл өндөр гэж гарсан

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunzaya@montsame.mn
2017-11-15 17:37:24
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд цаг агаар  хүйтэрч  “Энэ өвөл их хүйтэн жил болно” хэмээн хүмүүс ам дамжин  ярьж байна. Монгол орны нийт нутгаар цас орж мөсөн бүрхүүл тогтож буйг цаг уурын байгууллагаас мэдээлж буй юм. Иймээс энэ өвлийн цаг уурын урьдчилсан төлөв ямар байх талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын  Цаг уурч  Э.Энхзаяатай  ярилцлаа.

- Хүмүүсийн ярьж буйгаар их хүйтэрнэ гэх юм. Цаг уурын ерөнхий төлвөөр энэ өвлийн дүр зураг ямар гарч байна вэ?

- Өнгөрсөн зун ихэнх нутгаар гантай байлаа. Гангийн улмаас  их, бага цас орсноос үл шалтгаалан зудын нөхцөл байдал үүсэх эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарсан. Өнгөрсөн жилүүдтэй харьцуулбал 10 дугаар сард цас багатай, өдөртөө дулаахан урт намар болов. Дулаарал 11 сарын эхэн хүртэл үргэлжилсэн. Энэ дулаарлын дараа хүйтэн агаарын масс нэмэгдэж, ихэнх нутгаар бороо орж улмаар цас болсноор мөстлөг үүссэн. 11 сарын цас бол энэ өвлийн цасны  эхлэл гэж хэлж болно. Цас багатай нутгуудад өдөртөө харьцангуй дулаахан байв. Өнөө өглөөний байдлаар Булганы өмнө хэсэг, Эрдэнэтийн нутгаар тэгш гадаргуу дээр  цасны зузаан 28 см болсон байна. Өвөрхангай, Архангайн хойд хэсэг, Төв аймгийн нутаг цасан бүрхүүл ихтэй байгаа.

11 дүгээр сарын үлдэж буй хоногуудад буюу маргаашнаас эхлэн ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурах ерөнхий төлөв гарсан. Агаарын температурын хувьд одоо байгаагаас нэмж хүйтэрнэ гэсэн үг. Мөн сарын сүүлээр буюу 24, 25-ны үеэр цаг агаар муудах төлөв ажиглагдаж байна. Идэр тэс, Дархадын хотгор,  хангайн уулархаг нутгаар 40 хэм давж хүйтэрнэ.

Харин 12 дугаар сарын урьдчилсан төлвөөр ихэнх нутгаар олон жилийн дундажийн орчим,  нутгийн баруун болон баруун өмнөд  хэсэг буюу Говь-Алтай, Баянхонгорын өмнө тал, Өмнөговийн баруун талын говийн нутгуудаар харьцангуй дулаан байх төлөвтэй. Харин нутгийн хойд хэсгээр  уур амьсгалын дунджаас хүйтэн байх төлөв гарсан. Нэгдүгээр сард  Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Завхан, Хэнтийн хойд нутаг төв болон зүүн аймгуудын зарим газраар хүйтэн байх бол Алтайн өвөр болон говийн нутаг буюу Дорноговь, Өмнөговь аймгуудад олон жилийн дунджаас бага зэрэг дулаан байх төлөв ажиглагдаж байна. Манай газраас сар бүрийн 25-нд цаг агаарын мэдээгээ шинэчилдэг. Тухайлбал 10 дугаар сард гарсан  урьдчилсан төлөв 11  дүгээр сарын 25-нд дахин шинэчлэгдэнэ гэсэн үг.

- Цаг уур, орчны шинжилгээний газраас цаг агаарын эрсдлийн  мэдээг гаргадаг болсон. Энэ мэдээгээр ямар аймгууд хүндрэх төлөвтэй байна вэ?

- Энэ сарын эхний 10 хоногийн тойм мэдээгээр нийт нутгийн 50 хувь нь цастай байна. Цасны нягтын хэмжээнээс хамааран зудын эрсдлийн мэдээг гаргадаг.  Дээрх цас орсон нутгуудын 30 хувь нь зудын эрсдэл өндөр гэж тооцсон. Булган, Архангай, Өвөрхангайн хойд хэсэг, Төв аймгийн нутаг, Увс Завханы заагт зуд нүүрлэж болзошгүй гэсэн дүгнэлт гарлаа. Түүнчлэн өнгөрсөн жилтэй харьцуулбал Өмнөговийн нутаг цас ихтэй байна. Хэнтий, Дорнодын зүүн хэсэгт цасан бүрхүүл нэлээн зузаан тогтсон.  Тиймээс цас ихтэй нутгууд зудын эрсдэл өндөртэйд орж байна.



-Энэ өвөл их цас орно гэх мэдээлэл байсан. Урьдчилсан төлвөөр ямар мэдээлэл гарч байгаа вэ?

-Өнгөрсөн сард гарсан урьдчилсан төлвөөр баруун аймгуудын баруун хэсэг, төвийн нутгийн зарим газраар зүүн аймгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас  их цас унах төлөв гарсан.  Алтайн өвөр болон говийн нутаг буюу Дорноговь, Өмнөговь аймагт олон жилийн дунджаас бага зэрэг дулаан, цас бага буух  төлөв ажиглагдаж байна. Орох хур тундасын хэмжээ нутгийн хойд хэсэг Хөвсгөлийн зүүн тал,  Булган, Сэлэнгийн хойд нутгаар олон жилийн дундажтай адил байх төлөвтэй. 
Хоёрдугаар сарын урьдчилсан төлвөөр Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Хангайн нурууныхаа өвөр хэсгээр цас ахиу орох төлөв гараад байна.

-Сибирийн хойд туйлын хүйтэн агаар Монголын нутгаар дайран өнгөрөхтэй холбоотой цочир хүйтрэл өнгөрсөн жил гарсан. Энэ өвөл хэрхэх бол?

- Сибирийн антициклон буюу их даралтын орны хүйтний урсгал Зүүн Азийн зүүн хэсэгт ихэнхдээ  нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл Монголын нутаг, Хятадын хойд талын бүс нутгаар илрэх төлөв бий. Баруун Сибирт тогтсон  хүйтэн агаар хэр зэрэг үргэлжлэх вэ гэдгээс шалтгаална. Сибирийн хүйтний эрчим 7 хоног тогтвол аюултай. Харин 1-2 хоног хүйтний эрчим тогтоод дулаан агаар өмнө хэсгээс орж ирвэл хүйтэн агаар наашлахгүй гэсэн үг. Гэхдээ энэ сарын сүүлчээр гарах мэдээгээр ирэх саруудын төлөв илүү бодитой болох учраас Сибирийн хүйтэн орж ирнэ гэсэн мэдээлэл өгөх боломжгүй.

- Дэлхий дахинд энэ өвөл  дулаан болно гэсэн мэдээлэл гарсан. Энэ  мэдээлэлд цаг уурчийн зүгээс ямар хариулт өгөх вэ?

- Дэлхийн бүс нутгийн  агаар мандлын урсгал хөдөлгөөнөөр  улс орнуудад хэрхэн нөлөөлөхийг аждаг. Тухайн урсгал хөдөлгөөн  ижил өргөрөгт оршиж буй бүс нутгуудад өөр өөр хэлбэрээр илрэх  жишээтэй.  Өөрөөр хэлбэл цаг агаар нь байнга хувьсаж өөрчлөгдөнө гэсэн үг.  Эмх замбараагүй динамик хөдөлгөөн бүс нутгуудад харилцан адилгүй гардаг учраас нийт нутгаар дулаан байна гэх боломжгүй л дээ.

- Дэлхийн цаг уур өөрчлөгдөж байна. Дулаарал, хүйтрэлийн үечлэл хэдэн жилийн давтамжтай явж байна вэ?

- Судлаачид дэлхийн дулаарал, хүйтрэл 10-12 жилийн үечлэлтэй явж байна гэсэн тооцоог гаргасан байдаг. Хэт дулаарал, хүйтрэл нь хүний хүчин зүйлээс их хамаарч байгаа. Өөрөөр хэлбэл дотоод болон гадаад маш олон хүчин зүйлс нөлөөлдөг. Уур амьсгалын өөрчлөлт болоод байгаагийн тод илрэл бол цаг агаарын аюултай үзэгдлийн тоо өсч байна. Өөрөөр хэлбэл хүн ба нийгэмд учруулах эрсдлүүд өндөр болсон. Хохирол үүсэх эрсдэл нэмэгдсэн гэсэн үг. 2000 оноос  бороо зөөлөн шивэрч ордог байлаа.  Энэ нь хөрс, ургамалд үржил шимтэй байсан. Харин одоо цагт ширүүн аадар бороо их  хэмжээгээр агшин зуурт орох болсон. Ийм бороо хөрсөндөө шингэхгүй үер болж хүмүүст аюул учруулах шалтгаан болдог. Нөгөөтэйгүүр агаар мандлын том хэмжээстэй урсгалын нөлөөгөөр дэлхийн уур амьсгалд нэлээн их өөрчлөлт ордог. Номхон далайн төв хэсгийн экваторын район болон дорнод Номхон далайн усны дулаан нь хэвийн байдлаас доогуур байж Ланина үзэгдлийг үүсгэдэг. Энэ үзэгдэл тэсхим хүйтэн цаг агаар үүсгэх нөхцлийг бүрдүүлдэг. Мөн дэлхийн уур амьсгалд нарны цацраг соронзон орон гол нөлөөг үзүүлдэг. Нарны дотоод урвал, цахилгаан долгион тодорхой давтамжтай. Наран дээр үүссэн толбоны хэмжээ хэр эрчимтэй байгааг индексээр гаргадаг. Урсгал энергийн эрчим сайн байгаа үед  тодорхой газар нутгуудад дулаарах төлөв ажиглагдсан. Харин нарны вольфын тоо багасах үед нэлээн хүйтэрч,  цас унадаг байх жишээтэй.


 
-Цаг уурын мэдээлэл гаргах бааз хэр бэхжиж байна. Цаг уурын мэдээллийн хоногийн давтамж нэмэгдсэн үү?

- Урт хугацааны төлөв нь дэлхийн нийтээр асуудалтай хэвээр байна. Дэлхий нийт 14 хоногт цаг уурын урьдчилсан мэдээг гаргадаг.Манай байгууллага 1940 оноос хойшхи буюу 76 жилийн мэдээлэлд тулгуурлан судалгаа хийж цаг агаарын мэдээгээ гаргаж байна. Долоо хоногийн төлвийг нэг дэх өдөр болгон гаргадаг. Мөн 6 цаг тутамд цаг агаарын мэдээ гаргаж байна. Бодит мэдээлэл бол долоон хоногийнх байдаг. Мөн сарын мэдээ, гурван сарын мэдээг урьдчилан гаргаж байна. Үүгээр  энэ жилийн төлөв олон жилийн дунджаас ямар хандлагатай байгааг  ажиглалтын судалгаагаар гаргадаг. Түүнээс биш ойрын саруудад  хөрсөнд тэдэн хэмд хүрч хүйтэрнэ гэсэн холын төлвийг хараахан гаргаж чадахгүй байгаа.

-Цаг уурын мэдээллийг хичнээн улстай солилцож байна вэ Дэлхийн түвшинд ойртуулахын тулд юу хийх ёстой вэ?

- Цаг уурын ажиглалтыг хийхийн тулд дэлхийн түвшинтэй ойролцоо байж хийнэ. Улс орнууд нэг ижил тоон кодуудыг хэрэглэдэг. Энэ тоон кодоор мэдээллээ солилцдог. Манай улс Бээжин, Новосибирск, Япон Солонгос улс дахь бүсийн төвүүдтэй  байнга мэдээллээ солилцож байна. Хойд хагас бөмбөрцгийн хэмжээнд агаар хаанаас ирж байна вэ гэсэн мэдээллийг гурван цаг тутамд авдаг байх жишээтэй. Түүнчлэн бид дэлхийн хэмжээний томоохон загваруудыг нутагшуулахаар ажиллаж байна. Долоо хоногийн мэдээний аюултай үзэгдлийг нарийвчлан тогтоодог шиг сарын болон гурван сарын мэдээний таацыг сайжруулах шаардлага Монгол Улсад бий. Манай улс ганцхан радарын станцтай. Тиймээс радарын сүлжээг 4 бүсэд бий болгочихвол байгалийн аюултай үзэгдлийн мэдээллийг илүү бодитой болгох боломж бүрдэнэ.  

-Монгол Улсын уур амьсгалын ирээдүйн өөрчлөлтийг 2099 он хүртэл тооцсон. Энэ мэдээлэл цаг агаарын үзэгдэлтэй хэр дөхөж байгаа вэ?

-Хэсэг эрдэмтэд дээрх тооцооллыг гаргасан байдаг. Эл судалгаагаар  Монголд 2011-2030 онд өвлийн температур 0.2-0.7 хэмээр нэмэгдэнэ хэмээн гарсан.  Түүнчлэн өвөл нь унах тунадас ихэсч, зун нь бага байна гэсэн тооцооллыг хийсэн бөгөөд эдгээр дүгнэлтүүд сүүлийн жилүүдийн уур амьсгалын үзүүлэлтүүдтэй нэлээн дөхөж байгаа.
Б.Заяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
Холбоотой мэдээ