Австралийн дипломатч 7 давхраас унаж амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-11-16 15:58:29
НЬЮ-ЙОРК. /Би-Би-Си/. Нью-Йорк хотын нэгэн орон сууцны тагтан дээрээс Австралийн дипломатч унаж амиа алджээ.

“Би-Би-Си” телевизийн мэдээлснээр, 30 настай Жулиан Симпсон Нью-Йорк хотын Манхэттен дүүрэг дэх долоон давхар орон сууцны долдугаар давхрын тагтны хашлаган дээрээс тэнцвэр алдан унасан байна. Энэ орон сууцанд тэрбээр амьдардаг байжээ.

Орон нутгийн цагаар лхагва гарагт шилжих шөнийн 01:00 цагийн үед энэ хэргийн талаар цагдаад дуудлага ирсэн гэнэ. Ж.Симпсоныг яаралтай эмнэлэгт хүргэсэн боловч удалгүй амьсгал хураажээ.

Австралид ижил хүйстнүүд гэрлэхийг бүх нийтийн санал асуулгаар олонхийн саналаар зөвшөөрснийг тохиолдуулан Нью-Йорк хотын “Эмпайр-Стейт-Билдинг” хэмээх алдарт барилга өнгө өнгийн гэрэл асаасан аж. Үүнийг харахаар эхнэр болон найзуудынхаа хамт тэрбээр тагтан дээр гараад байхдаа "итгэлцлийн тоглоом" буюу хэр тэнцвэртэйгээ шалгах тоглоом тоглож байгаад унасан гэсэн мэдээлэл байна.

Австралийн Ерөнхий сайд Малкольм Тернбулл энэ хэргийг “санаанд багтамгүй эмгэнэлт хэрэг” гэж тодорхойлжээ.

Хэргийг шалгаж байгаа учир одоохондоо дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэж Нью-Йорк хотын Цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.

Г.Доржханд
 
Холбоотой мэдээ