Архи согтууруулах ундаагаар үйлчлэх түр хуваарь мөрдөж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-11-17 00:02:08

Архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цагийн түр хуваарь тогтоох тухай Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2015 оны 11-р сарын 10-ны өдрийн А/441 тоот захирамж гарчээ.

Захирамжинд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, мөн Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн заалтуудыг үндэслэн захирамжилсан байна.

Захирамжийн нэгдүгээрт “Өршөөл үзүүлэх тухай” хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор архи согтууруулах ундаа, түүгээр үйлчлэх цагийн түр хуваарийг энэ сарын 10-ны өдрөөс 2015 оны 12-р сарын 10-ны өдөр хүртэл 08.00 цагаас 20.00 цагаар тогтоохыг даалгасан байна.

Мөн захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж, өршөөлд хамрагдан суллагдаж ирсэн Сэлэнгэ аймагт оршин суух бүртгэлтэй иргэдийг бүртгэл судалгаанд хамруулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахыг аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Д.Энхбаярт үүрэг болгосон байна.  

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ