Зэргэлдээ суманд шүлхий гарсантай холбогдуулан сэрэмжлүүлэг гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2017-11-24 19:16:39
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн Мандал суманд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсан тул Дархан-Уул аймгийн Онцгой комиссоос сэрэмжлүүлэг гаргалаа.
Тэрбээр уг сэрэмжлүүлэгт,  Төв аймгийн Алтанбулаг, Сүхбаатар аймгийн Түвшинширээ, Уулбаян, Хэнтий аймгийн Жаргалтхаан, Галшар, Цэнхэрмандал, Дэлгэрхаан, Баян-Адрага, Хэрлэн, Дорноговь аймгийн Их хэт, Дорнод аймгийн Хөлөнбуйр, Баян-уул, Баяндун сум, Сэлэнгэ аймгийн Мандал сум /Зүүнхараа/ гэсэн зургаан аймгийн 14 суманд шүлхий өвчинтэй тэмцэх зааврийн дагуу хорио цээрийн дэглэм үргэлжилж байгаа тул оторлох, нүүх, малын шилжилт хөдөлгөөн хийхийг хориглох, өвчний голомттой дээрх газруудын чиглэлд зорчихгүй байхыг анхааруулжээ.
Мөн шүлхийн халдвар өвчтэй, халдвартай мал амьтнаас шүлхийд мэдрэг мал амьтанд шууд хавьтлын замаар халдахаас гадна голомт бүхий бүс нутгаар дамжин өнгөрсөн бүх төрлийн тээврийн хэрэгсэл, бэлчээр, ус, өвс, араатан амьтан, хүнээр дамжин халдварладаг тул иргэд малын эмчийн зөвшөөрөлгүйгээр малын шилжилт хөдөлгөөн хийхгүй байх, баг хариуцсан малын эмчид өвчний шинж тэмдэг, сэжиг илэрсэн тухай албан ёсоор мэдэгдэх, малын хашаа, хороо, байрны ариун цэвэр, эрүүл ахуй, технологийн дэглэмийг сахихыг даалгасан байна. 
Зэргэлдээ суманд шүлхий өвчин гарсантай холбогдуулан аймгийн хэмжээнд 11-р сарын 22-ны өдрөөс эхлэн шүлхийн урьдчилан сэргийлэх тарилгын ажлыг хийж эхэлжээ. Өнөөдрийн байдаар Хонгор сум  6142 үхэр, Шарын гол сум 4260 үхрийг урьдчилан сэргийлэх тарилганд хамруулаад байна. Дархан сум 195 өрхийн 9879 толгой малд үзлэг тандалт хийхийн зэрэгцээ үзлэг, тандалт хийх, урьдчилан сэргийлэх тарилгыг хэрхэн хийх талаар зөвлөмж, шүлхий өвчнөөс сэргийлэх зурагт хуудас бүхий сэрэмжлүүлэг гарган сумдад хүргүүлэн ажиллаж байгаа талаар Хүнс, хөдөө аж ахуйн газрын мал эмнэлэг үржлийн тасгийн дарга Х.Хавсамет мэдээллээ.
Л.Отгонбаатар
Холбоотой мэдээ