Дарханд "Малчны хороолол" байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2017-11-28 19:19:45
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан хотын хүн ам өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Үүнийг дагаад мал бүхий иргэдийн тоо ч нэмэгдэн ногоон байгууламж сүйтгэх явдал болон малын хулгайн гэмт хэрэг, малын гоц халдварт өвчин гарах эрсдэл өсөх хандлагатай болжээ. Иймд аймгийн Засаг даргын санаачилгаар 2018 онд хотын төвөөс 10 км зайтай мал бүхий өрхийн хорооллыг гурван байршилд бий болгохоор төлөвлөжээ. Өнөөдөр энэхүү төлөвлөгөөний танилцуулгыг өгч малчин, мал бүхий иргэдтэй уулзалт хийж тэдний санал бодлыг сонслоо.

Дархан сумын есөн багт малчин, мал бүхий 808 өрхийн 62260 толгой мал өвөлжиж байна. Үүнээс малчин өрх нь 345, мал бүхий иргэд нь 463 байгаа ажээ.
2016 оны байдлаар давхардсан тоогоор 800 гаруй бод мал хашигдаж хотын ногоон байгууламжийн 5263 ширхэг мод бут буюу 26,000,0 төгрөгийн хохирол учруулсан бол 2017 оны эхний 10 дугаар сард бүртгэгдсэн гэмт хэргийн 16 малын хулгайн гэмт хэрэг байна.

Мөн хотын төвд мал бүхий иргэд байгаа нь малын гоц халдварт өвчин гарах эрсдэлийг нэмэгдүүлж байгаа зэргээс шалтгаалан малчин, мал бүхий иргэдийг Хонгор сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэр, Талын толгой орчим, Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын зүүн талд, Малын удмын сангийн орчим, Орхон сумын хоёрдугаар багийн нутаг 96 дугаар зөрлөг орчим гэсэн гурван байршилд нүүлгэн шилжүүлэхээр болсон байна.
Ингэхдээ эхний ээлжид цахилгааны шугам татах, нэгдсэн усалгааны системийг бий болгох, төрийн үйлчилгээг үзүүлэх байрыг бэлдэх ажээ.
Нэг айлд амины орон сууц, автогараж, малын өвөлжөө, өвс тэжээлийн хашаа, мал услах тэжээл өгөх талбай, малын нарлагааны талбай, ногоо тарих газар гээд нийтдээ 1000 м2 талбайг өгөх юм байна.
Энэхүү ажлын эхлэл хэсэгт 116 өрх айл хамрагдах ажээ. Цаашдаа тус ажил үргэлжлэн явагдаж хотын төвөөс малчин, мал бүхий иргэдийг "Малчны хороолол" руу нүүлгэн шилжүүлэх юм байна.

 
Л.Отгонбаатар
Холбоотой мэдээ