2014 онд 32600 хүн террористуудын гарт амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2015-11-17 11:51:53

ЛОНДОН. /TASS/. Дэлхийд зэвсэгт мөргөлдөөн газар авсаар байгаа үед террорист халдлагын улмаас амиа алдагсдын тоо 2014 онд өмнөх жилийнхтэй харьцуулахад 80 хувиар өссөн нь сүүлийн 15 жил дэх хамгийн өндөр үзүүлэлт юм. Энэ тухай Австралийн Сидней хотод төвтэй Эдийн засаг, энх тайвны хүрээлэнгийн Лондон хотод нийтэлсэн “2015 оны дэлхийн терроризмын үзүүлэлт” тайлан мэдээнд дурджээ.

Дэлхийн хүн амын 99.6 хувь нь оршин суудаг 162 орны байдалд дүн шинжилгээ хийсэн судалгаанаас үзвэл, өнгөрсөн онд нийтдээ 32658 хүн террористуудын гарт амиа алдсан байна. Энэ нь XXI зууны эхэн үеийнхтэй харьцуулахад ес дахин их үзүүлэлт аж. 2000 онд дэлхийд 3329 хүн террорист халдлагын улмаас амиа алджээ.

Тайлан мэдээнд цохон тэмдэглэж буйгаар, Ирак, Нигери, Афганистан, Пакистан, Сири гэсэн таван улсад террорист үйл ажиллагаа хамгийн их идэвхжилтэй байна. 2014 онд террористуудын гарт амиа алдагсдын 78 хувь нь эдгээр оронд ногдож байгаа бөгөөд дэлхийн терроризмын жагсаалтыг тэргүүлж байгаа юм. Уг жагсаалтын эхний 10-т мөн Энэтхэг, Йемен, Сомали, Ливи, Таиланд улс орсон байна.

АНУ-д 2001 оны есдүгээр сарын 11-нд болсон эмгэнэлт явдлыг эс тооцвол сүүлийн 15 жилд нийт халдлагын ердөө 0.5 хувийг Барууны орнуудад үйлдсэнд Эдийн засаг, энх тайвны хүрээлэнгийн шинжээчид анхаарлаа хандуулжээ. Тайлан мэдээг гаргагчдын тооцоолсноор, “2014 онд терроризмоос учирсан эдийн засгийн хохирол хамгийн дээд үзүүлэлт буюу 52.9 тэрбум долларт хүрсэн байна”.

Дэлхийн хамгийн том террорист байгууллагуудын хувьд 2014 онд Нигерийн “Боко Харам” бүлэглэлийн босогчдын гарт 6644 хүн амиа алдсан нь жилийн өмнөх үзүүлэлтээс 317 хувиар өссөн тоо аж. Ойрхи Дорнодод халифт улс байгуулах зорилготой “Лалын улс” бүлэглэлийн босогчдын үйлдсэн халдлагуудад 6073 хүн амиа алдсан байна. Үүний сацуу баримт бичигт дурдаж буйгаар, Сири, Иракийн хойд нутгийг эзлэн авахаар тулалдаж байгаа “Лалын улс” бүлэглэл дайн байлдааны улмаас наад зах нь 20 мянган хүн амиа алдсаны хариуцлагыг хүлээх ёстой.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ