Монголын цаатнуудыг Засгийн газар нь хазаарлажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
aminaa@montsame.mn
2015-11-17 14:43:03

ХАРТУМ. /sudanvisiondaily/. Мянга мянган жил Монголын үндэсний цөөнх болсон цаатан угсаатнууд хахир хатуу өвлийг цаа буганыхаа хүчээр давсаар иржээ. Гэвч Засгийн газраас тогтоосон газар нутгийн хязгаарлалт тэдний нүүдэлчин ахуйд аюул учруулж байна.

Цельсийн -50 хэмд, цаст ой хөвчид цаатнууд өвлийг өнгөрөөдөг. Цаа бугаа даган, брезентэн майханд хэдхэн өрх айл л аж төрж байна.

Монголоос Орос хүртэл тэлсэн их хөвчийг 2011 онд үндэсний хүрээлэн болгосноос үүдэн тайгад мал, цаа буга өсгөхийг хориглосон байна. Цаатнууд хатуу өвлөөс өмнө малын тарга тэвээрэг авдаг бэлчээр байсан газар нутгийг хязгаарласан нь тэднийг тэсэхийн аргагүй дарамтад оруулаад байна.

“Тайгад бидэнд амьдрах газар үлдсэнгүй. Үндэсний хүрээлэнгийн удирдлагын энэ шийдвэр нь бидний устаж үгүй болохыг зөвшөөрч буй хэрэг” гэж таван хүүхдийн эцэг, 57 настай С.Ганбат хэлэв.

Дэлхийн хүн ам хамгийн сийрэг суурьшсан орны нэг Монголын тайгын амьдрал хүнд. Дулаарах хүртэл байнгын тэмцэл дор амьдрахаас гадна чоно халдах аюул өдөр тутам тулгардаг.

Өнөөгийн цаатнууд нарны зай хураагуур, үүрэн утас ашигладаг болсон ч Монголд хүрээгээ тэлж буй хот суурингийн орон сууцанд залуу цаатнууд татагддаг байна.

Идэх юм юу ч үгүй байсан нэгэн хатуу өвлийн талаар цаатан Ц.Ганбат дурсав. “Хэт хүйтэрч, хүүхдүүд өвдөж цөхрөнгөө барах үе нэг бус удаа тулгарч байсан” гэж тэрбээр хэлсэн юм.

Цаатнуудын дийлэнх нь цаа бугынхаа зөвхөн сүүг л хэрэглэдэг бөгөөд хандгай зэрэг амьтдыг агнах, чононоос хамгаалах зорилгоор буу эзэмшдэг.

Гэвч ан амьтны тоо толгой хорогдож буй шалтгаанаар Монголд ан агнуурыг хатуу хорьсон учир хуулийн дагуу амьдрахын тулд цаатнууд хонь, ямааны мах, цагаан будаа зэргийг ойролцоох малчдаас худалдаж авдаг байна.

Экологийн сүйрэлд хүргэх, хууль бусаар алт олборлохоос сэргийлэхийн тулд үндэсний хүрээлэнд нүүдэлчид байхыг хориглосон гэж Монголын Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны ажилтан Ц.Түвшинбат Францын “AFP” агентлагт ярьжээ. Цаатнууд цаа бугаа хамгаалалттай газар нутгийн гадна бэлчээж болно гэж тэрбээр нэмж хэлэв.
Сар тутам Засгийн газраас олгодог 65 долларын тэтгэмж, жуулчны баазуудаар үйлчлүүлэгчдээс олсон орлогоор цаатнуудын дийлэнх нь амь зуудаг юм. 

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ