Ноён уулын шүүх хурал энэ сарын 18 хүртэл хойшлов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/.Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх танхимд Ноён-Уулын ашиглалт олборлолтын лицензийг хүчингүй болгох маргааныг шийдвэрлэх шүүх хурал өнөө өглөө эхлэх мэдээтэй байсан ч уг хурлыг дахин хойшлуулаох шийдвэр гаргалаа. Ноён уулын лицензийг хүчингүй болгох шүүх хурлын ирц бүрдээгүй гэх шалтгаанаар энэ сарын 18-ны 10:00 цаг хүртэл шүүх хурлыг дахин хойшлуулах шийдвэрийг шүүх бүрэлдэхүүн гаргасан байна.
Өнөөдрийн шүүх хуралд УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Ерөнхийлөгчийн Иргэний эрхийн асуудал хариуцсан зөвлөх Г.Уянга нар байлцав. Мөн "Босоо Хөх Монгол" ТББ, "Ноён уулаа аваръя" ТББ, "Дэлхийн монгол ногоон нэгдэл", өмгөөлөгч Г.Батбаяр, "Гал үндэстэн" зэрэг төрийн бус байгууллагын төлөөлөл болон Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутгийн иргэд зэрэг нийт 60 гаруй хүн оролцсон байна. Хариуцагч талаас Засгийн газрын төлөөлөл болон Ашигт малтмалын газар, “Сентерра Гоулд” ХХК-ийн төлөөлөл болон өмгөөлөгч нар байсан юм. Сэлэнгэ аймгийн Мандал суманд оршдог Ноён уул хүдрийн 27.667.378 тонн, алтны 75 942.11 тонн нөөцтэй нь тогтоогдсон. Энэ баялгийн 66 хувийг “Сентерра Гоулд” ХХК, 34 хувийг төр эзэмшихээр болсон бөгөөд ашиглалтын лиценз нь “Сентерра Гоулд” ХХК-д байдаг. Энэхүү лицензийг хүчингүй болгох талаар “Ноён уулаа аваръя” ТББ Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандсанаар ийнхүү 2008 оноос хойш шүүхээр хэлэлцэж удаа дараа хойшлогдсоор байна.
Ж.Батсайхан