Путин: Нисэх онгоцны осолд буруутай хүмүүсийг олж шийтгэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-11-18 10:32:22

МОСКВА. /SANA/. Өнгөрсөн сард Синайн хойгт осолдсон Оросын зорчигч тээврийн онгоцны сэгээс тэсрэх бодисын ул мөр олдсон учир уг осол нь террорист халдлага байсан гэж Оросын Холбооны аюулгүй байдлын албаны дарга Александр Бортников хэлжээ.

Зорчигчдын эд зүйлс болон онгоцны хэсгүүдийг мэргэжилтнүүд шинжилж, тэсрэх бодис илрүүлсэн нь гар хийцийн тэсрэх төхөөрөг дэлбэрсний улмаас нисэх онгоц Синайд осолдсоныг нотолж байна гэж Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтай хийсэн аюулгүй байдлын уулзалтын үеэр Бортников хэлсэн байна.

Синайн хойгт болсон осол Оросын түүхэнд цуст мөр үлдээснийг Путин тэмдэглээд уг халдлагыг үйлдсэн этгээдүүдийг дэлхийн хаана ч байсан олж илрүүлэн, шийтгэх болно гэв.

“Гадна, дотны илэрхий шалтгаангүйгээр ийм бүдүүлэг террорист халдлагад Орос өртөж буй анхны тохиолдол энэ биш” гээд Синайн хойгт нисэх онгоц дэлбэлсэн гэмт этгээдийг заавал олж шийтгэхээ Ерөнхийлөгч Путин амлав.

Буруутай этгээдийг хайхыг Оросын тагнуулчдад В.Путин даалгажээ. “Гэмт этгээдүүдэд туслах оролдого хийвэл үүнийхээ хариуцлагыг хүлээнэ гэдгээ хүмүүс мэдэх хэрэгтэй. Бидний Сирид явуулж буй ажиллагаа үргэлжилнэ. Шийтгэл зайлшгүй ирнэ гэдгийг террористууд ойлгох хүртэл ажиллагаагаа үргэлжлүүлэх ёстой” гэж Путин мэдэгджээ.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ