Парисын цагдаа нар террористын гар утсыг олжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-11-18 10:41:38

ПАРИС. /CNN/. Парис хотын цагдаа нар тус хотын зочид буудлуудын өрөөнүүдэд нэгжлэг хийх үеэрээ Францын нийслэлд болсон дэлбэрэлтүүдийг үйлдсэн гэж сэжиглэж байгаа террористын гар утсыг олсон байна. Гар утаснаас “Ок. Бид бэлэн” гэсэн зурвасыг илрүүлжээ. Энэ тухай Францын Дотоод хэргийн яамны албан ёсны төлөөлөгч мэдээлсэн байна. Уг зурвасыг Парист цуврал халдлага болохын өмнө үл мэдэгдэх дугаар руу илгээсэн байсныг онцлон тэмдэглэж байна.

Үүнээс гадна, цагдаа нар  хөл бөмбөгийн тэмцээн болж байсан «Стад де Франс» цэнгэлдэх хүрээлэнгийн ойролцоо халдлага үйлдсэн амиа золиослогчийн зургийг нийтэлсэн байна. Түүнийг хэн болохыг нь тогтооход туслахыг Францын хууль сахиулах байгууллагуудын ажилтнууд олон нийтээс хүсчээ.

Террористуудын машинд гурван хүн сууж явсан нь ажиглалтын камерт бичигдсэн байна. Тэдний нэг болох Салах Абдесламыг цагдаа нар эрэн сурвалжилж байгаа бол Салахын дүү Ибрагим нь Вольтер цэцэрлэгт гудамжинд өөрийгөө дэлбэлжээ. Машинд сууж явсан гурав дахь этгээд хэн болохыг цагдаа нар өнөөг хүртэл тогтоож чадаагүй байгаа юм.

Францын тусгай албаныхан 11 дүгээр сарын 17-нд Ибрагим Абдесламын амьдарч байсан байрыг олж илрүүлсэн бөгөөд уг байрнаас зөөврийн компьютер, ухаалаг гар утас олдсон байна. Энэ байрыг халдлагуудыг үйлдэхээс өмнө долоо хоног ашигласныг мөн тогтоож чаджээ.

Өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт шилжих шөнө Парист цуврал халдлага үйлдсэний улмаас 129 хүн амиа алдаж, 352 хүн гэмтэж шархадсан билээ.

Мөрдөн байцаагчид халдлагуудыг гардан үйлдсэн найман террористын заримынх нь хэн болохыг тогтоожээ. Тэдгээр нь 31 настай Ибрагим Абдесламаас гадна 25 настай, Сирийн иргэн Ахмед Алмохаммед, Парист төрсөн 28 настай Сами Амимур, 29 настай, Францын иргэн Исмаил Омар Мостефаи нар юм. Хоёр террористын хэн болохыг тогтоож чадаагүй байна. Тэд хоёул амиа золиосолжээ. Халдлагуудад оролцсон найм дахь этгээд болох Брюссельд төрсөн Францын иргэн 26 настай Салах Абдесламыг амьд байгаа гэж үзэж байгаа аж.

Хэвлэлүүд мөн халдлагуудыг зохион байгуулсан хэрэгт сэжиглэж байгаа этгээдийг хэн болохыг олж мэджээ. Энэ бол 27 настай, Сирийн иргэн Абдельхамид Абауд юм.

Халдлагуудын хариуцлагыг террорист “Лалын улс” бүлэглэл хүлээсэн билээ.

Д.Жаргал

Холбоотой мэдээ