Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэстэй болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2017-12-13 13:31:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн гуравдугаар хороо, Толгойтын хуучин эцсийн 65 дугаар сургуульд энэ сарын 5-нд ажиллахдаа өгсөн үүрэг даалгавар ажил хэрэг болж эхлээд байна.  Энэ дагуу Цагдаагийн ерөнхий газраас дараах ажлыг хийж эхлүүллээ.
ЦЕГ-ын даргын тушаалаар ЦЕГ болон Нийслэлийн цагдаагийн газарт Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэстэй болов. Нийслэлийн сургуулиудын хичээл эхлэх, тарах цагийн нарийвчилсан судалгаа хийж, сургуулийн захирал, нийгмийн ажилтан, эцэг эхийн төлөөлөлтэй хамтран тэдний оролцоог нэмэгдүүлж “Гараас гарт” хөтөлбөр хэрэгжүүлэх, сургуулийн орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах ажлыг эрчимжүүлэх төлөвлөгөө гарган ажиллаж байна. Мөн нийслэлийн хэмжээнд 3 ээлжээр хичээллэдэг 20 сургууль ажилладаг. Эдгээр сургуулийн багш, ажилтан, ажилчдын илүү цагийн хөлс олгоход шаардагдах 574,6 сая төгрөгийг 2018 оны төсвийн жилээс тус сургуулийн төсөвт нэмж санхүүжүүлэхээр БСШУС-ын сайд шийдвэр гаргалаа. Улсын хэмжээнд 2018 онд 55 сургууль, 38 сургуулийн өргөтгөл нийт 93 сургуулийг барьж  дээрх асуудлыг бүрэн цэгцлэхээр болжээ.


Ж.Батсайхан

.
Холбоотой мэдээ