Хүүхдийг 6 настайгаас сургуульд сургах нь малчдын амьдралд сөргөөр нөлөөлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-18 12:21:54

Малчдын залуу халааг бэлдэх, тэднийг дэмжих асуудал хөдөө аж ахуйн салбарт тулгамдаад байна. Тиймээс “Залуу малчдыг дэмжих аймгийн дэд хөтөлбөр”-ийг боловсруулан ажиллахаар 2015 оны нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгасан бөгөөд энэ хүрээнд 400 залуу малчны зөвлөгөөнийг 11 сарын 16-ны өдөр Өвөрхангай аймагт зохион байгууллаа.

Зөвлөлгөөнд сум бүрээс 35 хүртэлх насны 20 малчин төлөөлөл болон оролцож, “Залуу малчдыг дэмжих аймгийн дэд хөтөлбөр”-т санал, хүсэлтээ багтаалаа. Тэд 6 настай хүүхдийг сургуульд сургах нь малчдын амьдралд хэрхэн сөргөөр нөлөөлж байгааг, өргөн хэрэглээний барааны үнэ өсч, малын үнэ ханш буурснаар амьжиргааны түвшин хэрхэн доройтож байгааг шүүмжлэн ярьж, бэлчээр ашиглалт, үлийн цагаан оготно, нийгмийн даатгалын шимтгэл төлөх зэрэг бусад асуудлын талаар санал бодлоо хүргэсэн юм.

“Залуу малчдыг дэмжих аймгийн дэд хөтөлбөр” нь дунд сургуулиа төгсөөд мал дээр гарч буй өсвөрийн малчид, цөөн малтай иргэдэд  эдийн  засгийн дэмжлэг үзүүлэх, ахмад, туршлагатай малчдаар сургагч багш бэлтгэн төрөл бүрийн аргаар сургалт зохион байгуулж, залуу малчдад мэдлэг, мэдээлэл олгох, залуу, сайн малчдын хөдөлмөрийг үнэлэх, бусад аймаг, сумын болоод Өвөрмонголын сайн малчидтай уулзуулж арга барил, туршлага судлуулах, эрчимжсэн мал аж ахуйн суурийг тавих зэрэг гурван үндсэн чиглэлд зорилт тавьсан байна. Мөн залуу малчны зөвлөгөөнийг сум бүр жилд нэг удаа, аймагт хоёр жилд нэг удаа хийж, тэдний санал хүсэлтийг сонсох шийдвэр гаргасан юм. 

Зөвлөлгөөнийг Хөдөлмөрийн яам, аймгийн ЗДТГ, ХХААГ, Хөдөлмөрийн хэлтэс хамран зохион байгууллаа. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, орон нутгийн төсөв хөрөнгийн санхүүжилтээр 2013 оноос хойш 2190 залуу малчныг ямар нэг төсөл хөтөлбөрт хамруулсан бол 367 залуу малчин малжуулах хөтөлбөрт хамрагдан 700 гаруй ажлын байр шинээр бий болжээ. Малжуулах хөтөлбөрт 1,8 тэрбум төгрөгөөр 33 мянга орчим малыг залуу малчдад нийлүүлсэн байна.

Өвөрхангай Б.Батчимэг

 

Холбоотой мэдээ