Баталгаат ажлын байр бий болгохыг уриаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-12-14 21:49:09
Хэнтий /МОНЦАМЭ/. “Олон Улсын Хүний Эрхийн өдөр”-ийг Хэнтий аймаг “Баталгаат ажлын байр бий болгоё” уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ.

Тэмдэглэлт өдрөөр Тогтвортой хөгжлийн зорилтын наймд “Эдийн засгийн өсөлт, баталгаат ажлын байрыг бий болгох” гэж заасныг орон нутагт хэрэгжүүлэхэд ажил олгогч, хөдөлмөр эрхлэгчдийг оролцуулах, гарч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, таниулах зорилгоор "Хэнийг ч орхилгүй хөгжье" арга хэмжээг зохион байгуулсан юм.

Хэнтий аймгийн Мөнгөн хуримтлалын бүлгүүдийн холбоо, Хүний Эрхийн Үндэсний Комисс, Иргэний нийгмийн байгууллагын сүлжээ хамтран зохион байгуулсан уг арга хэмжээнд Хэнтий аймгийн  ажил олгогч, ажилтан, хувиараа бизнес эрхлэгчдийн 60 гаруй төлөөлөл хамрагдлаа.

Арга хэмжээний үеэр тус аймгийн хэмжээнд хөдөлмөрийн харилцаатай холбоотой гомдол, мэдээллийн дийлэнх хувийг эзэлдэг ажил олгогч, ажилтны дунд үүсдэг хөдөлмөрийн гэрээний тухай, Зөрчлийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтуудын талаар зохион байгуулагчид мэдээлэл хийж, оролцогчдын сонирхсон асуултад хариулсан юм.

Тус арга хэмжээ зүүн бүсийн “Эвт” худалдааны төвд үргэлжлэн зохион байгуулагдаж, иргэдийн сонирхсон асуултанд мэргэжлийн хүмүүс зөвлөгөө мэдээлэл өглөө. Нийт 20 гаруй иргэн хандаж, Гэр бүл цуцлалт, Хүүхдийн эрх, Шүүхийн шийдвэр гүйцэтгүүлэх, Халамжийн хүнсний талонтой холбоотой асуудлаар мэдээлэл, зөвлөгөө авсан байна.

Олон Улсын Хүний эрхийн өдөрт зориулсан тус арга хэмжээг Хүний эрхийн Үндэсний Комиссоос орон даяар нэгэн зэрэг зохион байгуулснаараа онцлог болж өнгөрөв.
Д.Одонтунгалаг
Холбоотой мэдээ