"Хэрлэн" дөрөвдүгээр цэцэрлэг анхны эко цэцэрлэг болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-12-14 23:02:03
Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн хэмжээнд “Байгальд ээлтэй байгууллага” болох зорилго тавин ажиллаж байгаа найман сургууль, дөрвөн цэцэрлэг бий. Тэдний нэг нь Улсын тэргүүний "Хэрлэн" дөрөвдүгээр цэцэрлэгийн хамт олон юм. Тус цэцэрлэг долоон алхмыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
 
 1. Эко зөвлөл байгуулах 
- Байгууллагын бүх багш ажилтнууд, эцэг эхийн төлөөллийг хамруулан хэлэлцүүлэг хийж,  цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 27 тоот тушаалаар долоон хүний бүрэлдэхүүнтэй “Эко зөвлөл”-ийг байгуулан ажиллаж байна. Эко зөвлөлийн гишүүн, багш П.Ариунгэрэл, Г.Ариунжаргал нар гурван удаагийн  сургалтад хамрагдаж, сургагч багш болжээ.

2. Хүрээлэн буй орчны үнэлгээ хийх
- Эко зөвлөлийн гишүүд тавдугаар сард гадаад, дотоод орчны үнэлгээ хийж, анхаарч ажиллах зүйлсийг тодорхойлжээ. Орчны үнэлгээ хийхэд Дэлхийн байгаль орчны боловсролын сангийн гишүүн, Байгаль орчны мэдээлэл сургалтын төвийн сургагч багш Н.Цэцэгмаа тус цэцэрлэгийн гадна, дотно орчинтой танилцан, зөвлөгөө өгсөн байна.

 3. Үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах  
-  “Хэнтий аймгийн ногоон хөгжилд суурилсан тогтвортой хөгжлийн хэтийн зорилт-2026” бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан, хэрэгжүүлэн ажиллаж байна.

4. Хяналт үнэлгээ хийх
-  “Цэцэрлэгийн орчин” сэдвийн хүрээнд хяналт шинжилгээ, үнэлгээ хийснээр ариун цэврийн өрөө, гал тогоо, тоглоомын тавиур зэргийг өөрчлөн сайжруулсан байна.



5.  Сургалтын хөтөлбөртэй хослуулан хэрэгжүүлэх  
- Хэнтий аймгийн түүх дурсгалт газрыг сурталчилсан Туршилт, танин мэдэхүйн төвийг шинээр нээж, бүх бүлгүүд Танин мэдэхүйн эко буланг тохижуулжээ.
- Багш нарын өдөр тутмын үйл ажиллагааны төлөвлөлтөд тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санааг тусгасны дагуу хүүхдүүдийг амьтантай танилцуулах, хайрлах, хамгаалах ажлын хүрээнд дөрвөн бүлэг загас, нэг бүлэг тоть шувуу, нэг бүлэг яст мэлхий тэжээж байна. Мөн цэцгийн үрсэлгээ авч ургуулснаар 343 цэцэгтэй болж, анги бүрт агаар солилцох, цэвэр байгалийн орчин бүрдүүлж, багш нар хүүхдүүдтэйгээ хамтран усалгаа, арчилгааг хийдэг ажээ.
- “Хүнсний ногоо” сэдэвт үйл ажиллагааг сургалтын үйл ажиллагаа, суралцахуйн бүрэлдэхүүн тус бүрийг эзэмших чадвартай уялдуулан, ахмад багш Г.Баатарсүхийн ногооны талбайд хүүхдүүд ажиллан, хураасан ногоогоороо ангидаа зууш хийсэн байна. Мөн багш, хүүхдүүд цэцэрлэгийн хүлэмжинд нарийн ногоо тарьж ургуулан, 12 кг өргөст хэмх, 21 кг улаан лооль хурааж авчээ.
- Хүүхэд хөгжлийн сангаас сургалтын орчныг сайжруулахад зориулж өгсөн 3 сая төгрөгийн санхүүжилтээр баталгаажилттай, эрүүл ахуйн бичигтэй орос тоглоомуудыг авсан байна. Тус аймгийн БСУГ-ын дэмжлэгтэйгээр долоон сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг мөн эрүүл ахуйн орчныг сайжруулахад хөрөнгө оруулсан.
- Туслах багш нар болон хүүхдүүд дахин ашиглаж болох дахивар бүтээгдэхүүнээр 35 нэр төрлийн 121 ширхэг сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом хийж эцэг эхэд үзэсгэлэн гаргаж танилцуулан, сургалтандаа  ашиглаж байна.

6. Мэдээлэл түгээж, үйл ажиллагаандаа татан оролцуулах
- “Хэнтий телевиз”, “Хэнтийн мэдээ” сонинтой хамтран үйл ажиллагааны мэдээллээ түгээн ажиллаж байна. Мөн “Майдарын эрин сан” ТББ-ын тэргүүн Д.Ганбаяртай хамтран ажиллаж, 11 бүлэг, гал тогоо, ариун цэврийн өрөөнд 20 гаруй зөвлөмж байрлуулжээ.
- Багш сурагчид чулуу, навч, боргоцой ашиглан  бүтээл хийж, эцэг эхчүүддээ зориулан үзэсгэлэн гарган сурталчилж, түүх дурсгалт газрууд болон байгалийн сайхантай танилцуулах, нийтийн номын сан, орон нутгийг судлах музейтэй танилцуулах ажлыг зохион явуулж 1300 гаруй хүүхэд, 200 гаруй эцэг эхчүүдийг хамруулсан  байна.
- Эко цэцэрлэг болох, хог хаягдлыг бууруулах, ангилан ялгах талаар эцэг эхчүүдэд сургалт хийж, зөвлөгөө өгч, зөвлөмж тарааж сурталчилжээ.

7.  Эко код, уриа боловсруулах
-  Цэвэр агаар, ногоон орчин, эрүүл бие, хоггүй орчин, бүтээлч сэтгэхүй, хөрс, усыг эко кодонд тусган, Эко уриаг анги танхим, коридор зэрэг харагдах газарт байрлуулж, Ногоон ажлын байр бий болгох найман зарчмыг хэрэгжүүлж эхэлсэн байна.
- Энэ хүрээнд өрөө тасалгаануудын гэрлийг LED болгон сольж, унтраалга, залгуурт хэрэглээгүй үедээ гэрлээ унтраах талаар санамж байрлуулж, төвлөрсөн усан хангамжид холбогдон 3.4 сая төгрөгний өртөг бүхий 47 ширхэг мэдрэгчтэй крант суурилуулжээ.
- Цэцгийн мандлын болон цэцэрлэгийн гадна талын хашааг стандартын дагуу шинэчлэн сайжруулж, мод бут, цэцэг ногоо тарьж, зүлэгжүүлэлт хийснээ байгууллагын гадна талбайд 752 м2 ногоон байгууламжтай болсон нь нийт эзэмшил талбайн 11,6 хувийг эзэлж байна.



"Цэцэрлэгийн орчинд эрхэм та:
- Та даавуун улавч өмсөж хэвшээрэй.
- Зүлэг гишгэлгүй зориулалтын явган хүний замаар яваарай.
- Хог хаягдлыг эргүүлэн ашиглаж, хог хаягдлаа зөвхөн хогийн саванд хийцгээе.
- Анги бүр цэцэг тарьж, цэвэр агаартай орчин бүрдүүлье.
- Хаягдал дугуй хар тугалга ялгаруулдаг учраас сургууль, цэцэрлэг, гэр ахуйн орчинд дахин бүү ашиглаарай.
- Та орчиндоо ургасан зэрлэгийг дээд хэсгээр нь хайчилж хаяарай. Үндсээр нь авч хаяж болохгүй. Учир нь зэрлэг ургамал нь хөрсийг сийрэгжүүлж бордон, ургамал ургах үндэс болдог байна." хэмээн уриалжээ.

Хэнтий аймаг тогтвортой нийгмийн өсөлт, хөгжлийн чиглэлийн хүрээнд нийгмийн хүртээмж, жендэрийн тэгш байдлыг хангасан, ногоон амьдралын хэв маяг бүрдсэн, зохистой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэн ядуурлаас ангид байж, хүний хөгжлийн үзүүлэлтээрээ улсдаа тэргүүлсэн, эрүүл чийрэг, эрдэм боловсролтой иргэд бүхий аймаг болох зорилго дэвшүүлсэн. Энэхүү зорилтынхоо хүрээнд Тогтвортой хөгжлийн боловсрол, Физикийн XXX олимпиадыг тус тус зохион байгуулж, "Эрүүл мэнд-хөгжил хөдөлгөөн" дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэн, Амаржих газар байгуулах ажлын хүрээнд найман нэр төрлийн 103 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг нийлүүлж, өсвөр үеийнхэнд ээлтэй төвийг байгуулснаас гадна ийнхүү найман сургууль, дөрвөн цэцэрлэгт эко орчин бүрдүүлэх зорилго тавин ажиллаж байна. 
 
Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ