Ахмадын амралтад 500 гаруй хүн амарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-12-16 16:57:47
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн хөдөлмөр, нийгмийн халамжийн үйлчилгээний газрын харьяа ахмадын амралт энэ жил 510 гаруй ахмадуудыг амраасан байна.
Энэ онд нийтдээ 25 ээлжээр амрагчдад үйлчилжээ. Одоогоос гурван жилийн өмнө аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар ахмадын амралтын шинэ барилга барьсан бөгөөд жилийн дөрвөн улиралд үйлчилж, нэг ээлжиндээ 25-30 ахмадуудыг амраах хүчин чадалтай юм.
-Байгалийн сайхан Булган уулын Жаргалантын аманд байрлах амралтад амрагчдад хаш чулуун эмчилгээний болон чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж ашиглан эмийн бус эмчилгээ, уламжлалт бариа засал, хөдөлгөөнт дасгал хийж, явган аялал зохион байгуулах, биллъярд, ширээний теннис тоглуулах, номын сангаар үйлчлэх зэргээр ая тухтай амраадаг гэж аймгийн Хөдөлмөр, нийгмийн халамжийн үйлчилгээний газрын дэд дарга Б.Ариунболд хэллээ.
Мөн амралтад амарсан 158 ахмадыг нарийн мэргэшлийн эмчийн үзлэг оншилгоонд хамруулж, эрүүл мэндийн зөвлөгөө өгч, 26 ахмадын сонсголыг тодорхойлж, таван хүнд сонсголын багаж тааруулж, зарим хүмүүсийн хавдрыг эрт үед нь илрүүлж эмчилгээнд хамруулсан байна.
М.Батжаргал
Холбоотой мэдээ