Оросын ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-12-18 14:34:13
МОСКВА. /ТАСС/. Ирэх онд болох ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил 2017 оны 12 дугаар сарын 18-ны энэ өдөр албан ёсоор эхэлж буйг тус улсын СЕХ мэдэгдлээ.

“ТАСС” агентлагийн мэдээлснээр, тус улсын холбогдох хуульд заасны дагуу ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил нь сонгууль болохоос яг гурван сарын өмнө эхэлдэг юм. Ерөнхиийлөгчийн сонгууль нь 2018 оны гуравдугаар сарын 18-нд болно.

Оросын ерөнхийлөгчийн сонгуульд сүүлийн 10 жилийн хугацаанд тус улсад тогтвор суурьшилтай амьдарсан, 35-аас дээш насны хэн ч өрсөлдөх эрхтэй.

Ерөнхийлөгчийн сонгуульд улс төрийн нам тус бүр төлөөлөл болсон нэг хүнээ нэр дэвшүүлж болно. Кампанит ажил эхэлснээс хойших 25 хоногийн дотор улс төрийн намууд намын их хурлаа хийж, сонгуульд өрсөлдүүлэх хүнээ сонгодог байна.

Мөн аль нэг улс төрийн намд харьяалагддаггүй хүн сонгуульд бие даан нэр дэвших боломжтой. Гэхдээ бие даан нэр дэвших хүмүүс наад зах нь 300 мянган хүний гарын үсэг цуглуулсан байх ёстой.
 
2017 оны 12 дугаар сарын 27-ноос нэр дэвшигчдийг албан ёсоор бүртгэж эхлэх аж. Парламентад суудалтай намын нэр дэвшигч нь гарын үсэг цуглуулах шаардлагагүй учраас хамгийн түрүүнд бүртгүүлэх боломжтой юм. Харин парламентад суудалгүй намын нэр дэвшигч нь 100 мянгаас цөөнгүй хүний гарын үсгийг цуглуулсан байх ёстой.

Нэр дэвшигчдийг бүртгэх хугацаа 2018 оны нэгдүгээр сарын 31-ний 18:00 цагт дуусах аж.

Хоёрдугаар сарын эхээр саналын хуудсыг бэлтгэж дуусах бөгөөд саналын хуудас дээр нэр дэвшигчдийн нэрсийг цагаан толгойн үсгийн дарааллаар бичих ёстой.

Энэ бүхний дараа нэр дэвшигчид хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр өөрсдийгөө сурталчилж, ард иргэддээ мөрийн хөтөлбөрөө танилцуулах аж. Оросын хуульд заасны дагуу сонгуулийн өдрөөс 28 хоногийн өмнө хэвлэл мэдээллийн байгууллагуудаар сонгуулийн сурталчилгааг явуулж эхлээд, сонгуулийн өмнөх өдөр сурталчилгааг зогсоох учиртай.
 
Сонгуулийн санал хураалт нь 2018 оны гуравдугаар сарын 18-ны ням гарагийн өглөөний 08:00 цагаас орон даяар 96 мянган санал авах байранд эхэлж, 20:00 цагт дуусна.
 
Г.Доржханд
Холбоотой мэдээ