Цас орж, шуурна гэж анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-11-18 15:09:19

Сэлэнгэ аймгийн Ус цаг уур орчны шилжилгээний албанаас цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ ирүүллээ.

2015 оны 11 дүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд Монгол орны ихэнх нутгаар, 20-ны өдөр төв болон зүүн зүгийн нутгаар, 21-ний өдөр баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.

Иймээс Салхи, шуурганы үеэр бага насны хүүхдийг малд харгалзах хүнгүйгээр явуулахгүй байх, шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс хамгаалах, Цаг агаарын болон байгалийн онц аюултай үзэгдлээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог мэдээллийн хэрэгсэл, бусад эх сурвалжаас авч, бусдад дамжуулах, бэлэн байдлыг хангахыг санууллаа.

Мөн хүчтэй салхи шуурганы үеэр автозамд хальтиргаа гулгаа үүсч, үзэгдэх орчин түр хугацаагаар хязгаарлагдах, орон нутаг, улсын чанартай автозам хаагдах зэрэг хүндэрлүүд үүсдэг тул онц шаардалагагүй тохиолдолд аян замд гарахгүй байх зайлшгүй гарах тохиолдолд дулаан хувцаслах машин техникийн бүрэн байдал, шатахууны нөөцтэй явах, явах зам харгуй, жолоочийн ур чадвар зэргийг харгалзан үзэх хэрэгтэй хэмээн сэрэмжлүүлжээ. 

Түүнчлэн хүйтэн үед бариу биш дулаан, хөнгөн хувцасыг давхарлан өмсөх, гадуур хувцас нягт нэхээстэй, ус нэвтэрдэггүй, юүдэнтэй, хүний биеийн дулаан толгой хэсгээр их алдагддаг тул малгай өмсөх, мөн хэт хүйтэнд уушиг, амьсгалын замны эрхтнээ хамгаалахын тулд амаа хааж ороолт зүүх, хүний эрүүл мэнд, амь настай холбоотой мэдээллийг мэргэжлийн байгууллагад яаралтай цаг алдалгүй шуурхай мэдэгдэх, автомашинтай явж байгаа тохиолдолд тусламж иртэл машинаасаа гарахгүй байх, машин эвдэрч саатсан тохиолдолд антенндаа тод өнгийн даавуу уях, дуут дохио дуугаргах, гэрэл асаах зэргээр дохио тэмдэг өгөх, хүүхэд, жирэмсэн эх, өндөр настан, өвчтэй болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хараа хяналтгүй орхихгүй байх, тэдэнд туслах хэрэгтэйг онцгойлон санууллаа.

Үүний зэрэгцээ норохоос сэргийлэх, нойтон хувцас нь дулаан хадгалах шинж чанараа алдаж, биеийн дулааныг алдагдуулдаг, осголт, хөлдөлтийн шинж тэмдэг илэрч буй эсэхийг анхааралтай ажиглаж, норсон хувцасыг сольж биеийн дулаан алдагдахаас сэргийлэх зэрэг зөвлөмж, сэрэмжлүүлгийг аймгийн ОБГ-аас хүргүүллээ.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

 

 

Холбоотой мэдээ