Монгол Улсын шилдэг сурагч Сэлэнгэ аймгаас тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-12-19 17:06:57
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Улсын Тэргүүний хоёрдугаар сургуулийн 3б ангийн сурагч, сурагчдын дэлхийн шатрын аварга Д.Цэлмүүн Монгол Улсын 2017 оны шилдэг сурагчаар тодорлоо.
Сэлэнгэ аймгийн “Таванхан” шатрын клубын бяцхан тамирчин Д.Цэлмүүн таван настайгаасаа шатрын спортоор хичээллэж эхэлжээ. Оюуны их спорт болсон шатраар хичээллээд хоёр жил болж байгаа бөгөөд  энэ оны дөрөвдүгээр сард Румын улсад зохиогдсон сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс дэлхийн аваргын алтан медалийг эх орондоо авчирсан юм. Мөн 7 дугаар сард БНХАУ-д зохиогдсон сурагчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль, Монгол Улсад зохион байгуулагдсан өсвөрийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс гурван хүрэл медаль хүртээд байгаа юм. Дэлхийн аварга шатарчин Д.Цэлмүүн богино хугацаанд үзүүлсэн энэхүү дээд амжилтуудаараа ийнхүү Монгол Улсын шилдэг сурагчаар тодорлоо. Түүний дасгалжуулагч багш нь Сэлэнгэ аймгийн “Таванхан” шатрын клубын багш Ө.Бат-Очир юм.
Бяцхан дэлхийн аварга маань хос морьтой болж, “Монголын шатрын холбооны шилдэг шатарчин”-аар тодорч, багшийнхаа хамтаар шагналаа гардан авахаар нийслэл хотоо зориод байна. 2016 оны Монгол Улсын шилдэг сурагчаар Төмөрбаатарын Номиндалай болж байсан бол энэ жил Доржсүрэнгийн Цэлмүүн боллоо.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ