Замын цагдаа нарыг дулаан гутлаар хангана
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. ЦЕГ-ын Санхүү, аж ахуйн албанаас цагдаагийн алба хаагчдын ажиллах нөхцөл боломжийг сайжруулахад анхаарч авто зам дээр үүрэг гүйцэтгэж буй Улаанбаатар Цагдаагийн хүрээний Замын цагдаагийн 419, орон нутгийн замын цагдаагийн 308, авто баазын хөдөө ажлын 8 цагдаа-жолооч нийт 735 алба хаагчдад үндэсний үйлдвэрлэгч "Хос аз" ХХК-д тусгайлан захиалгаар үйлдвэрлэсэн гутлаар хангах болов. Энэ гутал нь -40 хэмийн хүйтэнд дулаанаа хадгалдаг нохойн арьсан дотортой гутал юм. Өвлийн улирал, цаг агаарын хүнд нөхцөлд ажилладаг, цас, зудтай, эрс хүйтэрдэг Увс, Завхан, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын сумдын хэсгийн төлөөлөгч, цагдаа нарт мөн нохойн арьсан дотортой 224 хос гутлыг хангалтаар олгоно. Цаашид ЦЕГ-аас цаг агаарын эрс тэс уур амьсгалын онцлогт тохирсон, дүрэмт хувцасны хангалтыг хийхээр төлөвлөн ажиллаж байна гэж ЦЕГ-аас мэдээллээ.
Ж.Батсайхан