Ховдын эмнэлэг Хөдөлмөрийн баатар Н.Баасанжавын нэрэмжит болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДЭрүүл мэндийн салбарын 90 жилийн ойг тохиолдуулан Ховд аймгийн ИТХ-ын шийдвэрээр Ховд аймгийн БОЭТ-/Бүсийн оношилгоо эмчилгээний төв/ -ийг Хөдөлмөрийн баатар, Ардын эмч,гавьяат эмч Шинжлэх ухааны доктор профессор, Ази тивийн шилдэг мэс засалч, академич Н.Баасанжавын нэрэмжит болгов.
Энэ хүндэтгэлийн ёслол 9 сарын 04 ний өдөр болж,ардын эмч Н.Баасанжав өөрийн биеэр ирж, Гэмтлийн зөвлөх эмч, хүний гавьяат эмч доктор профессор Р.Шагдарсүрэн, мэдрэлийн мэс заслын зөвлөх эмч, ардын эмч А.Нота, хүүхдийн мэс заслын зөвлөх эмч төрийн соёрхолт,доктор профессор А.Түмэннасан,УИХ-ын гишүүн НББСШУ-ны байнгын хороны дарга Д.Батцогт, аймгийн удирдлагууд, эмч эмнэлгийн ажилтнууд оролцлоо.
Монгол төдийгүй Ази тивийн нэр хүндтэй эмчийн нэрэмжит эмнэлэг болно гэдэг нэр төрийн хэрэг төдийгүй Ховдын эмч, эмнэлгийн ажилтнууд асар их үүрэг, хариуцлага оногдож байна.
Ийм учраас дээрх нарийн мэргэжлийн, монголын нэр хүндтэй эмч нар аймгийн эмнэлэгт мэс заслын хагалгаа үнэ төлбөргүй хийж, эмч, мэргэжилтнүүдийг дадлагажуулж, олон хүнд эрүүл мэнд бэлэглэлээ.
Мөн БОЭТ-ийн эмч нар,баруун бүсийн эрүүл мэндийн салбарын ажилтнууд нэгдэж форум хийж асар их хүндтэй эмчийн нэрэмжит болж байгаа нь бахархал боловч өөрсдөдөө асар их хариуцлага үүрч байгааг ухаарсан уулзалт хийлээ.
Уулзалтаас Ховдын эмнэлэг эхийн эндэгдэл гаргахгүй байх, хүн ардын эрүүл энхийн үйлсэд мэргэжил ур чадваараа дайчлах, суралцах, шинэ тоног төхөөрөмжтэй ажилаж сурах, хөрөнгө оруулалт татах зэрэг олон асуудлыг хөндөж харилцан зөвлөлдсөн байна.
А.Бямбасүрэн
Сэтгэгдлүүд