Исламын шашны номлогч А.Гамзатова ОХУ-ын СЕХ-нд баримт бичгүүдээ хүлээлгэн өгөв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-01-02 10:32:11
МАХАЧКАЛА /ТАСС/. ОХУ-ын Бүгд Найрамдах Дагестан Улсын исламын шашны номлогч, “Ислам” сэтгүүлийн ерөнхий редактор Айна Гамзатова Оросын 2018 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн тулд бүрдүүлж өгөх ёстой баримт бичгүүдийг өчигдөр СЕХ-нд хүлээлгэн өгчээ. 
 
“ТАСС” агентлагийн мэдээлснээр, Оросын СЕХ-ны ажлын хэсгийн гишүүд А.Гамзатовагийн бүрдүүлсэн баримт бичгүүдийг хүлээн авсан байна.
 
А.Гамзатова нь бие даан нэр дэвшиж байгаа учир наад зах нь 300 мянган хүний гарын үсгийг цуглуулсан байх ёстой. Мөн Оросын бүгд найрамдах улсуудаас ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүсэлтэй хүмүүс  өөрийн харьяаллын нутаг дэвсгэрээс 7500-гаас цөөнгүй хүний гарын үсгийг цуглуулах шаардлагатай юм.  Үүний дагуу А.Гамзатова нь Дагестанаас наад зах нь ийм тооны хүний гарын үсгийг цуглуулах ёстой ажээ. 
 
Сэтгүүлч, зохиолч, нийгэм-шашны зүтгэлтэн А.Гамзатова нь Дагестаны нийслэл Махачкал хотод 1971 оны 10 дугаар сарын 1-нд төржээ. Тэрбээр хууль болон хэл бичгийн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн нэгэн бөгөөд иргэний болон исламын шашны томоохон хэвлэл мэдээллийг үүсгэн байгуулагч гэнэ. Мөн тэрбээр “Зам” буяны санг үүсгэн байгуулагч бөгөөд “Ислам” сэтгүүлийн ерөнхий редактор аж.
 
Одоогоор ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр СЕХ-нд гурван эмэгтэй нэр дэвшигч бүртгүүлээд байгаагийн нэг нь А.Гамзатова юм. 

ОХУ-ын СЕХ-нд ерөнхийлөгчийн сонгуульд бие даан нэр дэвшигчдийг энэ сарын 7-ныг хүртэл, харин намаас нэр дэвшигчдийг нь энэ сарын 12-ныг хүртэл бүртгэнэ.
Э. Аянзаяа 
Холбоотой мэдээ