"Цалинтай ээж" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-01-03 16:35:14
 Увс /МОНЦАМЭ/. Энэ оны 1-р сарын 1-ээс "Цалинтай ээж" хөтөлбөр хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Улаангом сумын 3, 5, 11, 12-р багийн иргэд Төрийн үйлчилгээний нэгдсэн төвөөс, харин үлдсэн долоон багийн иргэд аймгийн ХХҮГ-аар үйлчлүүлэхээр болжээ.                                                                                Ийнхүү багуудыг хоёр хэсэгт хуваасан нь иргэдийг дараалал хүлээж цаг гарздахгүй, түргэн шуурхай үйлчилгээ авах боломжоор хангасан байна. Төрийн үйлчилгээний нэгдсэн төвөөр ороход иргэд бичиг баримтаа бүрдүүлсэн, хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Төрийн үйлчилгээг илүү хурдан шуурхай, хялбар болгох үүднээс дотроо цээж зураг авах, бичиг баримт хувилах үйлчилгээг үзүүлж, өргөдөл, хүсэлт бичих заавар маягт, бүрдүүлэх материалын жагсаалт зэргийг ширээн дээр байрлуулж өгсөн нь иргэд төөрөлдөхгүй, амар хялбар мэдээлэл авах боломжоор хангаж өгчээ. “Энэ хууль хэрэгжсэнээр хүүхэдтэй айл өрхүүдийн амьжиргааны түвшин сайжирна. Үүнийг дагаад бяцхан хүүхдүүд эхийнхээ хайр халамж, асаргаанд эрүүл энх бойжих таатай нөхцөл бүрдэж байна” хэмээн иргэд ярьж байв.
Б.Батхүү
Холбоотой мэдээ