"Төмөр замын гарам-Аюултай бүс" сургалтад жолооч нарыг хамрууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/.“Зорчигч тээврийн нэгтгэл”-ээс жолооч нарын замын хөдөлгөөний дүрэм, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх хуваарьт сургалтын дагуу Нийслэлийн тээврийн газар, Төмөр зам дахь цагдаагийн газар хамтран “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн 437 жолоочийг “Төмөр замын гарам-Аюултай бүс” сургалтад хамрууллаа. Сургалтаар “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн “Нарны зам” сургалтын төвийн сургалтын албаны дарга Б.Төөрүүл Зөрчлийн тухай хууль, хөдөлгөөний аюулгүй байдлын талаар мэдээлэл , замын хөдлөгөөний тухай анхааруулга зөвлөмж өгсөн байна. Галт тэрэгний жин 1500 тн хүртэл байдаг учраас бүрэн зогсох зай нь автомашиныхаас 10 дахин их байдаг. Галт тэрэг 90 км/цагийн хурдтай явж байгаа үед зогсоход 800 метр шаардлагатай /жин, хурдаас шалтгаалан 1200 метр хүртэл ч явж болно. Тиймээс төмөр замын гармаар нэвтрэх хөдөлгөөнийг хориглосон үед жолооч хаалтнаас 5 метрээс багагүй зайд, хаалтгүй тохиолдолд төмөр замаас 10 метрээс багагүй зайд зогсож галт тэргийг өнгөрүүлэх ёстой. Зарим хамгаалалттай гармын саад нь хөндлөвч хаалт бууснаас хойш 3-5 секундын дараа автоматаар сөхөгддөг тул гар ажиллагаагаар тохируулах боломжгүй байдаг. Тиймээс жолооч нар төмөр замын гармын эдгээр нарийн журмыг мэдэж, гармын жижүүр хориглосон дохио өгөх зэрэг заалтыг чандлан мөрдөх хэрэгтэй болохыг сургалтын үеэр онцлон анхааруулсан байна.
Ж.Батсайхан