Хүүхдэд зөвлөгөө өгөх төв нээгдэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн төвд өнөөдөр "Шидэт толь" хэмээх зөвлөлгөө өгөх төвийн нээлт боллоо. Энэхүү төв нь хүүхдийн тоглоомын өрөө, ганцаарчилсан ярилцлагын болон ажиглалтын гэсэн гурван өрөөтэй. Тоглоомын өрөө нь бүх насны хүүхэд тоглох тоглоом болон сэтгэл зүйн сорил, хүүхдийг тайвшруулан сэтгэл зүйн байдлыг тодорхойлох, ганцаарчилсан ярилцлагын өрөөнд эцэг, эх болон өсвөр насны хүүхдүүд мэргэжлийн сэтгэл зүйчтэй ганцаарчлан ярилцах боломжтой гэдгийг мэргэжилтнүүд тайлбарлав. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн Л.Бадамцэцэг “Гэрлэлтээ цуцлуулах асуудлаар жилд 4000 орчим хосууд ханддаг. Гэрлэлтээ цуцлуулахаар хандаж буй хосуудын цаана заавал хүүхэд байдаг. Ойролцоогоор нэг хосын цаана 1-5 хүүхдийн хувь заяа бий. Шүүхэд гэр бүлээ цуцлуулахад 3-6 сарын хугацаа хэрэгтэй. Энэ хугацаанд тэр гэр бүлтэй ажиллах орон зайг нөхөх шинэ төв нээж өгнө. Тиймээс цаашдаа гэр бүл салалтын тоог бууруулж, гэр бүлийн үнэт зүйлсээ олж авахад энэ төв тус болно ” гэлээ. Гэр бүлийн хөгжлийн газрын дарга Н.Өлзийхутаг “Гэр бүл салахад хүүхэд хохирогч болж үлддэг. Тийм учраас тухайн хүүхдийн хууль ёсны асран хамгаалагчаар хэнийг тогтоох вэ гэдэг асуудлыг манай байгууллагын зүгээс шинжээчээр ажилладаг. Бид өмнө нь гэр бүлийн маргааныг дүгнэхэд гэрээр явж нөхцөл байдлын үнэлгээг хийдэг байсан. Өнөөдөр шинэ төвтэй болсноор мэргэжлийн орчинд үнэлгээг гаргах боломжтой болж байна” гэв. 2015 оны статистикаар Монгол Улсын хэмжээнд гурван гэр бүл тутмын нэг нь салсан гэсэн дүн гарч байжээ. Харин 2016 онд энэ үзүүлэлт дөрвөн гэр бүл тутмын нэг нь болж нэмэгдсэн байна. Өнгөрөгч онд гэхэд гэр бүлийн маргаанаас үүдэлтэй хохирсон 98 хүүхэд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар ханджээ.
Ж.Батсайхан