Өмнөд Солонгос болон Монгол Улс харилцаагаа бэхжүүлэхээр тохиролцов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
dorjkhand@montsame.mn
2018-01-15 17:03:47
СӨҮЛ. /Ёнхап/.  Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар хоёр талын харилцаагаа бэхжүүлэхийн тулд илүү их хүчин чармайлт гаргахаар тохиролцлоо гэж “Ёнхап” агентлаг мэдээллээ. Мөн талууд Солонгосын хойгийг хамтын хүчин чармайлтаар, энхийн замаар цөмийн зэвсгээс ангижруулахын төлөө хамтран ажиллахаар тохиролцсон байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, Умард Солонгосын цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудлыг энхийн замаар шийдвэрлэж, Солонгосын хойгт энх тайван байдлыг бий болгохыг эрмэлзэж буй Мүн Жэ Иний санал санаачлагыг манай улс бүрэн дэмжих болно гэж Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн ордон буюу Хөх ордонд өнөөдөр болсон уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлжээ.

Харин Мүн Жэ Ин хэлэхдээ “Манай хоёр улс бол гарал угсаа, түүх, соёл болоод газарзүйн байршлын хувьд маш ойр улсууд. Мөн манай хоёр улс нь ардчиллын замаар замнаж буй зах зээлийн эдийн засагтай улсууд. Бид мөн Зүүн Хойд Азийн энх тайван байдлыг хадгалан хамгаалах нийтлэг зорилготой” гэсэн байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх нь өнөө өглөө гурван өдрийн албан ёсны айлчлалаар Өмнөд Солонгост хүрэлцэн очсон юм. Тэрбээр айлчлалын үеэр хоёр талын бизнес форумд оролцохоос гадна Өмнөд Солонгосын бусад албаны хүнтэй уулзана.

Мүн Жэ Ин болон У.Хүрэлсүхийн уулзалтад Монголын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар болон бусад албаны хүн, тэдний дотор хууль тогтоогчид оролцжээ.

Мүн Жэ Ин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцсоноосоо дөрвөн сар орчмын дараа У.Хүрэлсүхтэй хэлэлцээ хийлээ. Өнгөрсөн оны есдүгээр сард Оросын Владивосток хотноо болсон бүс нутгийн эдийн засгийн чуулга уулзалтын  үеэр Мүн Жэ Ин Х.Баттулгатай хоёр талын дээд хэмжээний уулзалт хийж байсан билээ.

Өмнөд Солонгос болон Монгол нь 1990 онд дипломат харилцаа тогтоосон улсууд юм.

http://english.yonhapnews.co.kr/news/2018/01/15/0200000000AEN20180115003351315.html
 
Г.Доржханд
Холбоотой мэдээ