Хавдрын эрт илрүүлэлт, оношилгоонд иргэдийг хамруулах зардлыг ЭМД-ын сан хариуцна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2018-01-18 14:40:24
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн тухай болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв.

Хорт хавдрын өвчлөл сүүлийн 10 жилд манай улсын хүн амын нас баралтын хоёр дахь шалтгаан болж байгаа бөгөөд хорт хавдрын улмаас 2015 онд 3999, 2016 онд 4112 хүн нас баржээ. Сүүлийн 10 жилийн дундаж үзүүлэлтээр 4800 орчим хүн хорт хавдраар өвчилж, 3400 гаруй хүн нас барсан байна. Эрэгтэйчүүдийн дунд элэг, ходоод, уушги, улаан хоолой, бүдүүн, шулуун гэдэс, түрүү булчирхайн хорт хавдар, эмэгтэйчүүдийн дунд элэг, умайн хүзүү, ходоод, хөх, улаан хоолойн хорт хавдар зонхилон тохиолдож, нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байгаа аж. Тиймээс хорт хавдрыг эрт үе шатанд нь илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд зорилтот бүлгийн эрэгтэй, эмэгтэй хүн бүрийг хамруулж, хорт хавдрыг эрт үед нь илрүүлж, эмчлэх шаардлага байгааг үндэслэн хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөлд 40 ба түүнээс дээш насны, элэгний В,С вирус тээгч, элэгний архаг үрэвсэл, хатууралтай иргэнийг ЭХО, хавдрын маркер, биохимийн шинжилгээнд жилд 1-2 удаа, 40 ба түүнээс дээш насны иргэнийг ходоод, улаан хоолойн хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд гурван жилд нэг удаа хамруулах, 30-60 насны эмэгтэйг умайн хүзүү, хөхний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд гурван жилд нэг удаа, 50 ба түүнээс дээш насны иргэнийг уушгины хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд нэг удаа, бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд хоёр жилд нэг удаа хамруулахаар тусгасан байна. Түүнчлэн хуулийн төсөлд хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд иргэн бүрийг хуульд заасны дагуу хамруулах үүргийг эрүүл мэндийн байгууллагад, үзлэг, шинжилгээ, оношилгооны зардлыг Эрүүл мэндийн даатгалын сан хариуцахаар тусгажээ. Гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлснээр үдээс өмнөх хуралдаан өндөрлөсөн бөгөөд хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг үдээс хойшхи хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэх юм.
 
Холбоотой мэдээ