Ялтан шилжүүлэх тухай Европын зөвлөлийн конвенцид нэгдлээ

Монголын мэдээ
gantuya@montsame.mn
2015-11-20 10:57:42

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан товлосон цагаасаа хойшилж 10.21 цагт эхэлж, 11 асуудал хэлэлцэхээр батлав. 

Хуралдааны эхэнд.Олон Улсын цахилгаан холбооны байгууллагын Үндсэн дүрэм, конвецид оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 
ОЦХБ-ын төв нь Швейцарийн Холбооны улсын Женев хотноо, Ази Номхон далайн бүс нутгийн салбар нь Тайландын  Бангкок хотод байрладаг. Өнөөдрийн байдлаар тус байгууллагад дэлхийн 192 орон гишүүнээр элсчээ. Манай улс 1964 онд ОУЦХБ-ын гишүүн орноор албан ёсоор элссэн бөгөөд Монгол Улс нь  тус байгууллагад “Гишүүн” (State Member) статустай. 
“Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Үндсэн дүрэм, Конвенци”-д оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хууль батлагдсанаар төсөвт дарамт, нэмэлт санхүүжилт шаардагдахгүй бөгөөд Монгол Улс ОУЦХБ-д гишүүн орны хувьд олон улсын хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, бүс нутгийн болон олон улсын түвшинд зохиогддог үйл ажиллагаанд идэвхтэй оролцох замаар мэдээллийн технологийн хөгжлөөс хоцрохгүй байх, хүний нөөцийг чадавхижуулах, бодлого, зохицуулалтын чиглэлээр туршлага судлах, харилцаа холбооны технологийн туршилтын төслүүдийг хамтран хэрэгжүүлэх ач холбогдолтой гэв. Ингээд санал хураалт явуулж 82.9 хувь нь дэмжин, дээрх хуулийн төслийг соёрхон баталлаа. 

Үүний дараа Ялтан шилжүүлэх тухай Европын зөвлөлийн конвенцид нэгдэн орох тухай хуулийн төслийг хэлэлцэв.  Монгол Улсын гадаад харилцаа өргөжин хөгжихийн хирээр, манай иргэд гадаад улсад суралцаж, ажиллах, бизнес эрхлэх зорилгоор зорчих нь нэмэгдсэн. Үүнтэй холбогдон монгол иргэд олноор зорчдог улс орнуудтай эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх, гэмт этгээд шилжүүлэх ялтан шилжүүлэх тухай гэрээ байгуулах чиглэлээр анхааран ажиллаж байгаа. Тухайлбал, Монгол Улс гадаад орнуудтай ялтан шилжүүлэх асуудлыг зохицуулсан хоёр талт гэрээг Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Канад Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Польш Улс, Бүгд Найрамдах Турк Улс, Бүгд Найрамдах Куба зэрэг 7 улстай байгуулсан. Харин дээрх хуулийн төслийг баталсанаар Европын зөвлөлийн конвенцид багтдаг Европын холбооны гишүүн 47 улс, гишүүн бус 19 улстай ялтан шилжүүлэх гэрээ хийх боломжтой болох юм. Эдгээр улс орны тоонд монголчууд олноор суралцах, бизнес болон аяллын зорилгоор олноор зорчдог, оршин суудаг Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Бельгийн Вант Улс, Бүгд Найрамдах Ирланд Улс, Бүгд Найрамдах Филиппин Улс, Америкийн Нэгдсэн Улс, Австрали, Япон зэрэг улсууд багтаж байгаа юм. Ингээд 80.5 хувийн саналаар уг хуулийн төслийг дэмжиж баталлаа. 
Одоо  УИХ-ын гишүүн Н.Батбаяраас өргөн мэдүүлсэн  Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхлээд байна. 
 

Н.Гантуяа

Холбоотой мэдээ