Аймгийн онцгой комисс шуурхай арга хэмжээ авч эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-01-19 15:21:54
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын захирамжаар өнгөрсөн долоо хоногт хоёр ажлын хэсэг байгуулагдан Тэс, Зүүнговь, Малчин, Хяргас, Баруунтуруун, Зүүнхангай, Өндөрхангай, Цагаанхайрхан зэрэг сумдын өвөлжилтийн нөхцөл байдал, төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, иргэдтэй уулзалт хийж иргэдээс ирсэн санал хүсэлтийг өнөөдөр Аймгийн онцгой комисст танилцууллаа.
Энэ өвөл аймгийн нутаг дэвсгэрт нийтдээ 3,1 сая толгой мал өвөлжиж байгаа бөгөөд зам даваа хаагдсан учир отор нүүдлээр явж байгаа малчдыг эргэж тойрох, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд хүндрэл бэрхшээл их гарч байгааг ажлын хэсгийн гишүүд хэлж байв. Одоогоор Баруунтуруун, Завхан, Зүүнговь, Зүүнхангай, Өндөрхангай, Малчин, Наранбулаг, Цагаанхайрхан, Тэс, Хяргас сумд зудтай, харин Давст, Өлгий, Өмнөговь, Сагил, Тариалан, Ховд, Түргэн сум зудархуу нөхцөл байдалтай байна. Өнөөдрийн аймгийн онцгой комиссын хуралдаанаар аймгийн өвс тэжээлийн аюулгүйн нөөцөөс сумдад хуваарилагдсан өвсийг 3000 төгрөг болгож хямдруулах, мөн зудтай 10 сумдын ЗДТГ-т төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай үзүүлэх, тусламж дэмжлэг үзүүлэх, эргэж тойроход зориулан нэг сая төгрөг, Эрүүл мэндийн төвүүдэд эрүүл мэндийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэхэд зориулан 500 мянган төгрөг тус тус олгох шийдвэр гаргалаа. Тэрчлэн сумдын удирдлага онцгой комиссын дарга нарт үүрэг чиглэл өгч, цаг тухай бүр мэдээллийг хурдан шуурхай дамжуулж, шаардлагатай арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгосон юм.
Б.Батхүү
Холбоотой мэдээ