Шилдэг 16 бөхийн халз барилдаан өрсөлдөөнтэй эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
183@montsame.mn
2018-01-20 15:01:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/ Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар,О.Гүндэгмаа нарын үүсгэн байгуулсан “Хосбаатар” сан болон “Жудаг” групп, “Аваргууд” академи, “Амжилтын төлөө хамтдаа” ТББ-аас хамтран өнөөдөр улсын цолтой шилдэг 16 хүчтэний халз барилдааныг АСА циркэд  зохион байгуулж байна.

Өндөр шагналын сан, бооцоотой, тасалбар нь эрэлттэй байсан энэхүү барилдааныг зохион байгуулах зорилгыг “Хосбаатар” сангийн тэргүүн Х.Цагаанбаатар барилдааны нээлтийн үеэр танилцууллаа.

Их спортынхон, үндэсний бөхчүүд нэгдэн, зохион байгуулж буй халз барилдааны орлогыг бөхийн чөлөөт барилдааны ОУХМ, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Банзрагчийн Оюунсүрэнгийн эмчилгээнд зориулахаар тамирчид шийдвэрлэжээ. 2006 оноос эхлэн чөлөөт бөхөөр хичээллэж, Дэлхийн аварга, Ази тивийн аваргын мөнгөн медалийг хүртэж эх орныхоо нэрийг мандуулж явсан Б.Оюунсүрэн хүнд өвчнөөр өвдөж, БНСУ-д яаралтай мэс засалд орох болсонд их спортынхон нэгдэн,  халуун сэтгэлээ зориулж эхэллээ.

Бөх сонирхогчдод өрсөлдөөнтэй, сонирхолтой барилдаан үзүүлэхийн зэрэгцээ нэг дэвжээн дээр хөлс, хөдөлмөрөө зориулан явсан тамирчныхаа эмчилгээнд хандив өргөх сайн үйлсэд зориулсан барилдааныг зохион байгуулахад Гавьяат тамирчин Б.Наранбаатар, П.Орхон, О.Насанбурмаа нарын олон тамирчин оролцсоныг “Хосбаатар” сангийн тэргүүн онцлов.

Барилдаан яг одоо “Аса” циркт болж байна. Нэг давааны үнэлгээ 1 сая төгрөг бөгөөд гурав давсан бөхчүүд хоорондоо  барилдаж, давсан нь 3 сая төгрөгийн шагнал хүртэх юм.

Халз барилдаанд их спортоор хичээллэдэг хоёр тамирчин сонгогдсон нь Дэлхийн аваргын хошой хүрэл медальт, чөлөөт бөхийн ОУХМ, Гавьяат тамирчин Г.Мандахнаран, жүдо бөхийн шигшээ багийн тамирчин, ОУХМ Д.Төмөрхүлэг нар юм. Тэд хоорондоо мөн гурван удаа халз барилдах юм байна. Эдний даваа бүрийг 1 сая төгрөгөөр үнэлжээ.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ