Шүлхий өвчний голомтуудад ажлын хэсгийнхэн ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-01-22 14:56:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяраар ахлуулсан шуурхай ажлын хэсэг малын гоц халдварт шүлхий өвчний голомтот газарт ажиллаж байна. 
Тус ажлын хэсэг өнгөрсөн амралтын өдрүүдэд Дундговь аймагт ажиллаж, шүлхий өвчний нөхцөл байдалтай танилцан, аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хурлыг зохион байгуулж, тус аймгийн Дэрэн сумын шүлхий өвчний нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, сумын шуурхай командыг зарлан мэдээллийн дохиогоор цуглуулж, хяналтын постод хүч нэмэгдүүлж, хамгаалалтын зогоон татах, эрүүл бүсээс мал сүргийг өвчний голомт руу оруулахгүй байх үүрэг өгөв. Мөн дайлчилгаагаар дөрвөн гэр гаргуулж, тандалт судалгаа хийх, отор нүүдэл, эзэнгүй мал сүргийн судалгааг гаргах, холбогдох аймгуудтай мэдээлэл солилцох, цасан шуурганы үед голомт руу мал оруулахгүй байх, малчдад мэдэгдэл хүргүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх чиглэлийг өгч, Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл, хурандаа А.Дашням нарт шуурхай  арга хэмжээ авахыг санууллаа. Хил залгаа Төв аймгийн Баянцагаан сумын Засаг дарга, Тамгын газрын дарга, мал эмнэлэг үржлийн тасгийн дарга нартай Төв аймгийн Өндөр дов гэдэг газар уулзаж шүлхий өвчинтэй тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, хяналтын постын ажлыгг чангатгажээ. Ажлын хэсгийнхэн өнөөдөр Дорноговь аймагт ажиллаж байна. Аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хурлыг зохион байгуулж, шүлхий өвчний голомт Даланжаргалан, Эрдэнэ сумын нөхцөл байдалтай танилцаж, үйл ажиллагааг эрчимжүүлж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.


Ж.Батсайхан

Холбоотой мэдээ