Баянлиг сум хошой “Мөнгөн буйл”-тай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-01-22 17:24:33
Баянхонгор /МОНЦАМЭ/. "Ламын гэгээний улаан тэмээ"-г үржлийн хэсгээр 2012 оны 12 дугаар сарын 12-нд баталгаажуулсан бөгөөд Баянхонгор аймгийн Баянлиг сумын тэмээний тоо 21 мянга хол давж, улсдаа тэмээн сүргийн тоогоор хоёрдугаарт орсон. Тус сум өнгөрөгч амралтын өдрүүдэд "Ламын гэгээний хоёр түмэн тэмээний баяр", Говийн сумдын тэмээчдийн зөвлөлгөөнийг зохион байгууллаа.
Ламын гэгээний Хоёр түмэн тэмээний баярын үеэр Баянлиг сум ХХААХҮЯ-ны "Мөнгөн товхтой, мөнгөн буйл"-аар шагнуулж Хошой мөнгөн буйлтай болов.
Уг арга хэмжээг УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороон дарга Л.Элдэв-Очир, УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, аймгийн ИТХ, ЗДТГ, аймгийн ИТХ-д Баян-Өндөр сумаас сонгогдсон төлөөлөгч Б.Батбаяр, "Говийн сэргэлт сан"-гийн тэргүүн Ж.Өлзийбодьжав нарын ивээн тэтгэлэг, дэмжлэгтэй зохион байгуулжээ. Тэд нийтдээ 20 орчим сая төгрөгийг хандивласан байна.
Энэ баярын үеэр "Ламын гэгээний улаан тэмээ"-ний үржлийн хэсгээр батламжлагдсан гэрчилгээг гардуулж, "Мөнгөн буйл", аймгийн Алдарт уяачийн цол хэргэмийг гардуулжээ.
Баярын үеэр дөрвөн насны хурдан тэмээ уралдаж, Сайхан тэмээтэй сайхан хос, Сайхан буур, Тэмээний зан үйлийн ажил мэргэжлийн тэмцээн, Аймаг, сумын цолтой цолгүй хүчит 64 бөхийн барилдаан, аймгийн ХДТ, Түмэн эх чуулгын уран бүтээлчид ая дуугаа өргөв.
Б.Мөнхзул

Холбоотой мэдээ