“Amazon” компани кассгүй, худалдагчгүй анхны их дэлгүүрээ нээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-01-23 12:07:52
МОСКВА. /Би-Би-Си/. Цахим худалдаа эрхлэн явуулдаг “Amazon” компани касс болон худалдагчгүй анхны их дэлгүүрээ өчигдөр нээжээ. Энэ нь бараа бүтээгдэхүүнээ худалдан авдаг бидний  хэвшмэл хэв маягийг бүрэн өөрчилж магадгүй юм.

Худалдан авагч уг дэлгүүрт орохдоо “Amazon Go” аппликейшнийг ухаалаг гар утсандаа суулгасан байх шаардлагатай бөгөөд үүдэнд гар утсаа уншуулах ёстой аж. Тийнхүү дэлгүүрт ороод худалдан авахыг хүссэн бараа бүтээгдэхүүнээ шууд цүнхэндээ хийх боломжтой юм. Бэлнээр болон бэлэн бусаар тооцоо хийх худалдагч байхгүй учир заавал сагс эсвэл тэрэг авч орох шаардлагагүй гэнэ.  

Харин тавиурт байрлуулсан мэдрэгчүүд тухайн худалдан авагчийн сонгосон барааны үнийг нийт үнийн дүн дээр нь шууд нэмж тооцох бөгөөд тавиурт барааг буцааж тавьсан тохиолдолд нийт худалдан авсан барааны үнийн дүнгээс нь буцаан хасдаг байна.
 
Зөвхөн согтууруулах ундааны худалдан авалт хийх тохиолдолд л худалдагч худалдан авагчийн насыг тодорхойлох зорилгоор нүүр тулж харьцах шаардлага гарах аж.
Э. Аянзаяа 
 
 
Холбоотой мэдээ