Визийн зөрчилтэй гадаадын иргэдийг албадан гаргав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаадын иргэн, харьяатын газраас төлөвлөгөөт хяналт шалгалт хийхдээ Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд, Баян-Овоо сумдын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллага, гадаад иргэдийн баримт бичгийг хянажээ. Энэхүү хяналт шалгалтад “Оюутолгой”, “М Си Эс интернэйшнл”, “М Си Эс проперти”, “Медика Монголиа”, “Мөнхноён суварга” зэрэг нийт 36 аж ахуйн нэгж, байгууллагын, 49 улсын 449 гадаадын иргэнийг хамруулсан байна. Оюутолгойн уурхайн төсөлд ажиллаж байгаа гадаадын иргэдийн бичиг баримтыг шалгахад визийн зөрчилтэй 40 орчим гадаадын иргэн хууль бусаар хөдөлмөр эрхэлж байжээ. Тиймээс Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, Засгийн газрын тогтоолоор баталсан “Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах болон Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацааг тогтоох журам”-ыг үндэслэн Монгол Улсад эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн Тайландын Вант Улсын нэр бүхий 5, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан Канад Улсын нэр бүхий 9, Австрали Улсын нэр бүхий 8, АНУ-ын нэр бүхий 10, БНХАУ-ын нэр бүхий 4, ХБНГУ-ын нэр бүхий 1, Шинэ Зеланд Улсын нэр бүхий 1 иргэнийг 3 жилийн хугацаанд Монгол Улсад дахин оруулахгүй байхаар албадан гаргалаа.
Ж.Батсайхан