Хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэхэд анхаарах зөвлөмж хүргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-01-24 17:40:32
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас гуравдугаар улирлын сургалтын үйл ажиллагаа эхэлсэнтэй холбогдуулан сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад зөвлөмж хүргүүллээ.
Тус аймагт өнгөрсөн оны байдлаар 23 гэмт хэрэгт 24 хүүхэд холбогдож, тэдгээрийн 14 хүүхэд нь Мөрөн болон бусад сумдын найман сургуульд харъяалагдаж байна. Мөн 10 хүүхэд шүүхээр шийтгүүлснээс найман хүүхдийн ялыг хойшлуулж, хоёр хүүхдэд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авчээ. Сургуулийн удирдлага, нийгмийн ажилтан, багшийн чөлөө зөвшөөрөлгүйгээр хэсэг бүлгээрээ нийлж өөр бусад сум, орон нутагт уралдаан, тэмцээнд хариуцсан багшгүйгээр оролцох, РС, биллъярд зэрэг төлбөртэй тоглоомын газруудад ихэнх цагийг өнгөрөөх, ахуйн гааз үнэрлэж мансуурах, амь насаа алдах, архи, тамхи хэрэглэх зэрэг зөрчлүүдийг хүүхдүүд гаргасан байна. Иймээс сургуулийн удирдлага, багш, эцэг эхчүүд гурвалсан холбоог сайжруулж хүүхэддээ тогтмол анхаарлаа хандуулан, хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлж ажиллахыг зөвлөмжид анхааруулан дурьджээ.
Б.Гантуяа 
Холбоотой мэдээ