АН Засгийн газрын 100 хоногийн ажилд хангалтгүй дүн тавив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2018-01-29 16:46:48
Улаанбаатар /МОНЦАМЭ/.  АН-ын Нарийн бичгийн дарга О.Магнай, АН-ын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Н.Ганибал, Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэболд нар өнөөдөр У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын 100 хоногийн ажилд хийсэн дүгнэлтээ танилцууллаа.

Энэ үеэр О.Магнай “У.Хүрэлсүх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Засгийн газарт үндсэн гурван асуудал тавьж огцруулсан. Нэгдүгээрт 807.8 тэрбум төгрөгийн концессын гэрээг Засгийн газрын хэдхэн гишүүн хуваан авсан, хоёрдугаарт хүүхдийн мөнгийг эрх тэгш олгохгүй байна, гуравдугаарт төрийн албыг төрлийн алба болголоо гэсэн үндэслэл хэлж байсан. Гэтэл өнгөрсөн 100 хоногт хүүхдийн мөнгө хүүхэд бүрт очсонгүй, 807.8 тэрбум төгрөгийн концессын гэрээ хүчингүй болсонгүй, ах дүүгийн томилгоо харин ч эрчээ авлаа. У.Хүрэлсүх Ерөнхий сайд болохдоо “60 тэрбумын асуудалд улс төрийн хариуцлага тооцно” гэж байсан. Гэтэл нэг ч хүн улстөрийн хариуцлага хүлээсэнгүй. Эдгээрээс үзвэл У.Хүрэлсүх нүүрсний гэрээ хийж, зэсийн наймааг гартаа авахын тулд өмнөх Засгийн газраа огцруулж Ерөнхий сайд болсон байна гэдэг дүгнэлт хийхээс өөр аргагүй гэв.

Түүнчлэн Засгийн газар дундаж давхаргад халгаатай шийдвэрүүд гаргаж буй нь  дундаж давхаргыг байхгүй болгоход хүргэж байна хэмээн онцлолоо.
Холбоотой мэдээ