Цахилгаан зарцуулалт багатай эко халаагуур бүтээжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2018-01-30 15:59:57
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Бэст энержи сэйвинг” компаниас халаалтаа цахилгаанаар шийдэх хүсэлтэй иргэд, айл өрхөд зориулсан халаагуур бүтээснээ танилцуулж, "Монгол нюьс" мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ.

Тус компанийн захирал Н.Даваа, “Дүн өвлийн хүйтэнд буюу - 40 хэмийн хүйтэнд гэр хорооллын айл өрхийг тогтвортой дулаанаар хангахуйц эрчим хүчний хэмнэлттэй төхөөрөмжийг монголчууд өөрсдөө бүтээх хэрэгтэй юм байна гэж анх бодсон. Санаагаа 8 жилийн өмнө олж, 5 жилийн өмнө үйлдвэрлэлд оруулсан. Халаагуур бүтээхийн тулд сансрын хиймэл дагуул, шумбагч онгоцны халаагч хүртэл судалсан. Бидний танилцуулж буй энэ халаагуур бол ижил төрлийн бүтээгдэхүүнээс цахилгаан зарцуулалт 75 хувь бага. Автомат  технологиор өөрөө асч унтрах тохиргоотой, үйлдвэрлэлээс олноор нь гаргавал нэг айл  500 мянган төгрөгөөр худалдан авах боломжтой. Одоогийн байдлаар уг халаагуурыг 1000 гаруй айл өрх, 70-аад аж ахуй нэгж ашиглаж байна. Энэхүү эко халаагчийг хэрэглэснээр агаарын бохирдол буурахын зэрэгцээ хэрэглэгчдэд эдийн засгийн хэмнэлттэй байх юм. Өөрөөр хэлбэл оргил ачааллын үед 60 мянган төгрөг төлөх бол энгийн үед 30 мянган төлнө" гэлээ.

Өнгөрсөн онд халаагуурыг 4 цэцэрлэгт туршилтын журмаар байрлуулж, 7 сарын дараа гарсан өөрчлөлтийг  харахад галлагаат халаалтын зардал 48 сая төгрөг байсан бол халаагчийн зардал 17 сая төгрөг гарчээ. Мөн энэ сарын 24-ний өдрийн өглөөний 9 цагийн байдлаар гаднах температур -32 хэм  байхад халаагуурыг тавьсан монгол гэрийн дулаан +18.4 хэмийг тогтвортой барьж байсан аж.
Д.Сарантуяа
Гэрэл зургийг Т.Чимгээ
  
 
Холбоотой мэдээ