"Ах дүү 3" адал явдалт, инээдмийн киноны нээлт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2018-01-30 16:33:04
Дорнод /МОНЦАМЭ/ “Дорнод” уран бүтээлийн нэгдлийн анхны уран бүтээл “Ах дүү 3” адал явдалт инээдмийн кино Дорнод аймагт нээлтээ хийлээ. Тус кино төслийг санаачлагч, найруулагч, гол дүрийн жүжигчид, арын албаныхан гээд кино багийн 90 гаруй хувь нь Дорнодын залуус аж.
Олноо “Амбий” хэмээн алдаршсан СТА Ц.Батхуяг амьд сэрүүн цагтаа Дорнодын залуусаа нэгтгэн уран бүтээл хийх юмсан гэсэн хүсэлтэй байсныг нутгийн дүү нар нь ийнхүү гүйцэлдүүлжээ. Тус аймгийн Хөгжимт драмын театрын найруулагч Б.Мөнх-Амьдрал кино төслийг санаачлан, “Захиалгат инээд” энтертайнмэнтийн жүжигчид бичиж найруулан, гол дүрд нь тогложээ.  
Кино уран бүтээлчид “Ах дүү 3” кинонд Дорнод нутгийн байгалийн үзэсгэлэнт газрууд, аймгийн хөгжил цэцэглэл, бүтээн байгуулалтыг харуулахыг зорьсон төдийгүй зураг авалтын 70 гаруй хувийг аймагтаа хийсэн байна. Тухайлбал, алдарт Мэнэнгийн тал, Буйр нуур, Хэрлэн голын байгалийн үзэсгэлэнт сайхан тогтцыг энэ киноноос үзэж болох юм.  
Кино багийнхан “Бид Дорнод нутгаа сурталчлах зорилгоор киногоо бүтээсэн, киног маань үзсэн хүмүүс энэ зун Буйр нуур луу аялна гэж төлөвлөснийг олонтаа сонслоо. Бидний зорилго биеллээ олсонд баяртай байна” гэв. 

Д.Дэлгэрмаа

Холбоотой мэдээ