Энэтхэг, Монгол Улс олон улсын түвшинд бие биенээ дэмжиж ирсэн гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2018-01-30 17:05:31
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэтхэг улсад Бүгд Найрамдах Улс тунхагласны 69 жилийн ойн хүрээнд өчигдөр тус улсын ЭСЯ-наас хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгууллаа.

Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Суреш Бабу энэ үеэр хэлэхдээ, "Сүүлийн үед манай улсын гадаад бодлого идэвхтэй олон талт боллоо. Бид дэлхийн уламжлалт түншүүдтэй, ялангуяа хөрш орнуудтайгаа түүхэн нөхөрлөлөө дахин бэхжүүлж байна. Мөн бид нэгдсэн үнэт зүйлс, харилцан үр ашигт тулгуурласан шинэ харилцааг манай стратегийн түнш Монгол Улс болон бүх улс орнуудтай тогтоон ажиллаж байна.



2015 оны тавдугаар сард Ерөнхий сайд Н.Модигийн Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр байгуулсан бүх гэрээ, хэлэлцээрийг Энэтхэгийн Засгийн газар, Монгол Улсын Засгийн газар ээлж дараалан хэрэгжүүлж байна. Өнгөрсөн хугацаанд үр дүнд чиглэсэн хэд хэдэн арга хэмжээ, айлчлал болсон бөгөөд үүнд хоёр талын хамтын ажиллагааны олон салбарууд тухайлбал хил хамгаалах, батлан хамгаалах, эрчим хүч, гамшгийн менежмент, олон улсын хамтын ажиллагаа, бусад чадавх бэхжүүлэх хөтөлбөр багтсан. Олон улсын байгууллагын түвшинд Энэтхэг, Монгол Улс нэг нэгнийхээ нэр дэвшигчдийг сайтар дэмжсээр ирсэн. Эцэст нь, өндөр түвшний олон тооны айлчлал, хэд хэдэн арга хэмжээтэй энэ жилийн бидний төлөвлөгөө буюу манай хамтарсан аялалд 2018 он ээлтэй байна гэдэгт би итгэж байна” гэв.



Тус улс жилийн бүрийн нэгдүгээр сарын 26-нд улс тунхагласны баяраа тэмдэглэдэг. Энэ жилийн хувьд Ерөнхий сайд ноён Н.Модигийн урилгаар АСЕАН-ны орнуудын 10 удирдагч хүрэлцэн очиж баярын жагсаалыг үзэж сонирхсоноороо онцлог болж өнгөрчээ. Харин уг хүлээн авалтад Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар болон УИХ-ын гишүүд, холбогдох албаны хүмүүс оролцов.
Б.Туул
Холбоотой мэдээ