Ч.Хүрэлбаатар: Засгийн газар арилжааны банкуудаас нэг ч төгрөгийн зээл аваагүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2018-02-01 10:52:51
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлал, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын  тогтоолын төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж байна.
 
Тус төсөлд Хувь хүний орлогын албан татварын шатлалыг бууруулж өмнөх хэмжээнд нь аваачих асуудлыг тусгасан. Засгийн газар энэ асуудлаар ОУВС-тай тохиролцсоны үндсэн дээр тогтоолын төслийг боловсруулж УИХ-д өргөн барьсан. Үүнтэй холбогдуулж УИХ эл асуудлыг яаралтай горимоор хэлэлцэж байгаа нь энэ юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж одоо гишүүд асуулт асууж, тайлбар авч байна. Энэ үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, “Эдийн засаг сүүлийн хоёр жил өссөн. Төсвийн алдагдал жил дараалан буурч байна. Гадаад валютын нөөц нэг жилийн дотор 2,5 дахин нэмэгдэж, гурван тэрбум ам.долларт хүрлээ. Өнөөгийн үнэ цэнээр улсын өр 76 хувиас 74 болж буураад байна. Мөн улс нь ядуураад арилжааны банк хөлждөг байсныг болиулж байна. У.Хүрэлсүхийн Засгийн газар арилжааны банкуудаас өндөр хүүтэй нэг ч төгрөгийн зээл аваагүй. Цаашид 3 их наяд төгрөгийн өрийг улсын эдийн засагт дарамт учруулахгүйгээр шийднэ. 2018 онд аль болох арилжааны банкнаас зээл авахгүй гэсэн бодолтой ажиллаж байна.

Бидэнд улстөрийн шийдмэг үйл ажиллагаа, оновчтой бодлого чухал байна. Энэ оныг тал талдаа үр ашигтай өнгөрүүлмээр байна" гэв. Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Б.Туул
Холбоотой мэдээ