Увс аймаг байгаль орчныг хамгаалах ажлаараа дэд байранд шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-02-01 15:19:22
Увс /МОНЦАМЭ/. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Увс аймгийн засаг дарга хооронд байгуулсан 2017 оны гэрээний биелэлтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнгээр Увс аймаг улсад хоёрдугаар байр эзэлсэн байна. Өнгөрсөн оныг Увс аймаг аялал жуулчлалыг дэмжих жил болгон зарласан. Энэ хүрээнд томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, баяр наадам, арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөн амжилттай хэрэгжүүлжээ.
Тухайлбал, Үндэсний хөгжлийн газар (ҮХГ), Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (ГОУХАН)-ийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага (ЭТИС) хөтөлбөр, Тайландын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг хамтран “Монгол Улсын тогтвортой аялал жуулчлал” төслийг 2017 оны 9-р сараас 2020 оны гуравдугаар сар хүртэл Увс аймагт хэрэгжүүлэхээр болжээ. Мөн аялал жуулчлалын Гэр мэдээллийн төв байгуулах, Хог хаягдлын тухай хуулийг сурталчлах, хэрэгжүүлэх зорилгоор БОАЖЯ-наас 21 аймаг, 9 дүүргийн хэмжээнд зарласан “Цэвэр сайхан орчин” аяны хүрээнд зохион байгуулсан ажлаараа Увс аймаг улсын хэмжээнд хоёрдугаар байранд шалгарч 12 сая төгрөгөөр шагнуулсан байна. Аймгийн ЗДТГ, Байгаль орчны салбарын байгууллагууд хамтран “Дэлхийн байгаль хамгаалах өдөр”-ийг “Бид байгаль эхтэй хүйн холбоотой” уриан дор тэмдэглэн өнгөрүүлжээ.
Мөн хууль бус ан агнуураас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилготой “Хавх булаагүй ууланд хамаг амьтан жаргалтай-3” сарын аяны хаалтын арга хэмжээг аймагтаа зохион байгуулсан төдийгүй, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, БОАЖСайдын тушаал, Увс аймгийн Засаг даргын 03 тоот албан даалгаварыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Мод тарих өдөр”-ийг аймгийн хэмжээнд хавар, намар хоёр удаа зохион байгуулсан байна. “Аялал жуулчлалын салбараа хөгжүүлснээр ажилгүйдлыг бууруулах, эдийн засгаа сэргээх, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийнхээ ашиг орлогыг нэмэгдүүлэх нэг гарц болсон. Цаашид ч аялал жуулчлалын салбарыг илүү хөгжүүлэхийн төлөө зорилт тавин ажиллаж байна” хэмээн аймгийн Засаг дарга шагнал хүлээн авах үеэрээ онцоллоо.
Б.Батхүү
Холбоотой мэдээ