Авлигатай тэмцэх, хуулийн засаглалыг хэрэгжүүлэхэд Прокуроруудын сэтгэл, зүтгэл чухлыг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-02-02 16:12:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Прокурорын байгууллагын удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөнд оролцож, үг хэллээ. Прокурорын байгууллагын удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөнд аймаг, нийслэл, дүүрэг, сум дундын прокурорын газруудын ерөнхий прокурорууд оролцож байгаа юм.
Төрийн тэргүүн "Уламжлал болсон зөвлөлгөөн, энэ жилийн хувьд удирдах ажилтнуудын хувь хүний хөгжилд анхаарах, ажлын хариуцлага, ур чадварыг дээшлүүлэхэд анхаарч байгаа гэж надад мэдээлсэн. УЕПГ-ын тайланг харж байхад хэдэн тоо сонирхол татлаа.
2017 оны сүүлийн 6 сард анхан шатны шүүхээр 4898, давж заалдах шатны шүүхээр 831, хяналтын шатны шүүхээр 188 хэргийг шийдвэрлэхэд прокурор оролцож санал дүгнэлт гаргажээ. Шүүхэд шилжүүлсэн хэрэг 69.3 хувиар өссөн байна. Харин хэрэгсэхгүй болгосон, хэрэг бүртгэлийн явцад хэргийг хаасан хэргийн тоо 31.6 хувиар буурсан гэжээ. Дээд шатны прокурорын тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан прокурор, ажилтны тоо өмнөх оноос 21.4 хувиар буурсан гэж. Эдгээр нь танай хамт олны амжилтыг илэрхийлдэг эерэг үзүүлэлт, мэргэжлийн үнэлгээ байх. Гэхдээ нийт иргэдийн хувьд бол үнэлэмж хараахан өөр байна. Би саяхан нийслэлийн 7 дүүрэг, зүүн болон говийн бүсийн 5 аймгийн иргэдтэй уулзалт хийсэн. Иргэдийн хамгийн их бухимдаж, шүүмжилж буй асуудлууд дунд хуулийн засаглал хэрэгжихгүй байна, шударга ёс, төрийн албаны ёс зүй алдагдсан талаарх гомдол ихээхэн байр суурь эзэлж байна.
Энэ нь мэдээж дан ганц прокурорын байгууллагатай холбоотой биш. Хууль тогтоох дээд байгууллагаас уруудаад хууль сахиулж, хэрэгжүүлж байгаа бүхий л үе шатанд хамаатай шүүмжлэл.
Цуврал уулзалтуудад нийслэлийн 9000, орон нутгийн 3000, нийт 12000 орчим иргэн оролцож, 670 иргэн санал, хүсэлтээ биечлэн илэрхийлж, 1300 гаруй иргэн бичгээр гомдол, санал гаргасан.
Эндээс оффшор данстай төрийн албан хаагчдад болон төрийн албыг наймаалцсан хүмүүст хариуцлага хүлээлгэхгүй байгаа талаар 109, Хууль, шүүхийн байгууллагын буруутай үйл ажиллагааны талаар 98 гомдол ирсэнийг Ерөнхийлөгчийн тамгын газар цэгцэлж холбогдох газар, албан тушаалтнуудад хүргүүлэн, хэрхэн шийдвэрлэсэн талаар тодруулж ажиллана" гээд олон нийтийн шүүмжилж буй ноцтой хэргүүдийг шийдвэрлэхэд анхаарахыг санууллаа. Тухайлбал,  Иргэд албан тушаалтнуудын дураар авирлах, эдийн засгийн гэмт хэрэгт холбогдсон байдал хуулийн шийтгэлээс гадуур үлдээд байна, шударга ёсны хариуцлагад өртөхгүй байна гэсэн шүүмжлэлийг их хэлж байгаа. Нэг талдаа хоосон хардлага цөөнгүй байдаг байх, нөгөө талдаа үнэхээр оффшор данстай төрийн албан хаагчид, төрийн албыг 60 тэрбумаар наймаалцсан хэрэг гээд шийдэгдэхгүй, сунжраад гацаад байгаа хэргүүд шүүмжлэл дагуулсаар.

Өнөөдөр Монгол улсыг гадна, дотногүй муухай харагдуулж байгаа олон асуудал байдаг.Тэр юу вэ гэхээр Нэгд. Авлигатай тэмцэх төрийн хүчин чармайлт хэлбэр төдий, оромдсон байдалтай байгаа. Энэ бол үнэн. Хоёрт.Хуулийн засаглал сул, төрийн албан тушаалтнууд нь ёс зүй, зарчимгүй. Энэ ч мөн үнэн.
Гуравт.Нийслэлийн агаарын бохирдол гэсэн гурван асуудлыг тодруулж хэлье. Эдгээр цогц бэрхшээлүүдээс арай хурдан шийдэж болох нь агаарын бохирдол, утаа байх. Утаа урин цаг ирэхээр, эсвэл салхи гарахаар арилж магад. Харин авлига, ёс зүйгүй байдал тийм амар арилахгүй. Энэ бол өдөр бүр шаргуу, хатуу тэмцэж байж л алга болох нийгмийн хорт хавдар гэж үзэж байна. Авлигатай тэмцэх, хуулийн засаглалыг хэрэгжүүлэхэд хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй ч Прокуроруудын чин сэтгэл, зүтгэл илүү шаардлагатай байна гэдгийг анхааруулав. Ерөнхийлөгчийг үг хэлсний дараа Монгол Улсын  Ерөнхий прокурор М.Энх-Амгалан  “Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга танд баярлалаа. Томилогдсоноосоо хойш хоёр дахь удаагаа ирж бидэнд үүрэг, чиглэл өгч байгаа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн хийх гэж байгаа, баримталж байгаа бодлогод нь Монголын Прокурорын байгууллага ямар их үүрэг оролцоотой вэ, гэдгийг онцолж байгаа гэж бид ойлгож байна. Үнэхээр загас шиг дуугүй байдлаа засах, залруулах, хуульгүй юм шиг хэн дуртай нь шүүхийн шийдвэрийг шүүмжилж, буруу зөрүү гэж ярьдаг зэрэг бусармаг үйл ажиллагаатай тэмцэх болно гэдгээ хэлмээр байна” гэлээ.


Ж.Батсайхан

Холбоотой мэдээ