Цөмийн зэвсгийн тоо хэмжээг бууруулах яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхийг уриалжээ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2018-02-06 11:18:35
НЬЮ-ЙОРК. /ТАСС/. Стратегийн довтолгооны зэвсэглэлийг хязгаарлах болон цаашид бууруулах арга хэмжээний тухай гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлж байгаад нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш ОХУ болон АНУ–д баяр хүргэв. Түүнчлэн цаашид зэвсэг хураах талаар хэлэлцүүлэг хийхийг тус хоёр улсад уриалжээ. Энэ тухай түүний албан ёсны төлөөлөгч Стефан Дюжаррик мэдэгдсэн байна.

Тэрбээр хэлэхдээ “Цаашид зэвсгийн тоо хэмжээг бууруулахад чиглэсэн яриа хэлэлцээ хийж, зэвсэг хураах чиглэлд түүхэн чухал манлайллаа үргэлжлүүлэн бататгахыг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга ОХУ болон АНУ-д уриалж байна. Зэвсэг хураах чиглэлд хүчин чармайлт гаргах нь онцгой чухал. Ялангуяа хүйтэн дайны үеэс хойш цөмийн зэвсэгтэй холбоотой айдас түгшүүр илүү хурц мэдрэгдэх болсон өнөө үед энэ чиглэлд хүчин чармайлт гаргах нь сөргөлдөөнийг зохицуулж, итгэлцлийг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ” гэжээ.  
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ