Увс, Хяргас нуурын мөс урд жилүүдээс нимгэн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-02-12 12:44:08
Увс /МОНЦАМЭ/. Увс, Хяргас нуурын мөсний зузаан өнгөрсөн оны мөн үед 69-72 см зузаан тогтсон байсан бол энэ сарын 10-ны байдлаар 65 см байгаа аж. Урд жилүүдэд нуурын эргээс цааш 60 м явахад дунджаар 80 см-ийн мөсөн бүрхүүл тогтсон байдаг бол энэ жил хамгийн багадаа энэ зайд 40 см мөс тогтсон байгаа нь мөсний даац хүн, мал, машин унаа явахад аюулгүй хэмжээд хүрч бэхжээгүй гэсэн үг байна.
“Аймгийн хэмжээнд энэ өвөл сүрхий хүйтэрч, цас ихээр орж байгаа ч томоохон гол, нууруудын мөс бүрэн хөлдөөгүй, гүн хэсэгтээ нимгэн байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гол, нууруудын мөсний зузаан 5-15 см-ээр нимгэн байгаа. Өнөөдрийн байдлаар голуудын мөсний зузаан 50-90 см, нуурын мөс 40-70 см-ийн зузаантай байна” хэмээн аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний албаны Ус судлалын инженер Х.Энхжаргал хэллээ.
Гол, нууруудын мөс цөмрөх магадлалтай тул сар шинийн баярын үеэр иргэд хөдөө сум руу зорчихдоо цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр тээврийн хэрэгсэлтэй зорчихгүй байхыг аймгийн УЦУОША-аас анхаарууллаа.
Б.Батхүү
Холбоотой мэдээ