Чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчдад төрийн одон гардууллаа

Орон нутагт | Дархан-Уул
erdenechimeg@montsame.mn
2015-09-08 14:51:26

1945 оны Чөлөөлөх дайны түүхт 70 жилийн ойг тохиолдуулж Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг бататгаж хамгаалахын төлөө амь хайргүй тэмцэж явсан ахмад дайчдыг төрийн дээд одон, медалиар шагналаа.

Аймгийн ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн, аймгийн Засаг дарга С.Насанбат, аймгийн Цэргийн Штабын дарга, дэд хурандаа Ц.Энхтөр, Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн захирагч, дэд хурандаа н.Алтангэрэл нарын аймгийн удирдлагууд ахмад дайчдад төрийн одонг гардууллаа. “Цэргийн гавъяаны улаан тугийн одон”-гоор Дархан сумын хоёрдугаар багийн иргэн, ахмад дайчин О.Гээдэн, Ш.Цээрэв, 16 дугаар багийн Г.Цэрэнлхам, 14 дүгээр багийн Б.Шагдар, Орхон сумын иргэн Д.Түндэв, “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор Ц.Батсуурь, “Цэргийн гавъяаны одон”-гоор Дархан сумын 14 дүгээр багийн иргэн, ахмад дайчин Ж.Лхагважав  нар шагнууллаа. Төрийн дээд одонгоор энгэрээ мялаасан эдгээр ахмад дайчид 1945 онд 20-28 настай чөлөөлөх дайнд оролцож Отрядын жагсаалын дарга, отрядын хилчин байлдагч, нисэх дивизийн онгоцны зэвсэглэгч, морьт хорооны их бууны буудагч, отрядын сувилагчаар тус тус алба хааж улс орныхоо тусгаар тогтнол аюулгүй байдлыг хамгаалахын төлөө хүчин зүтгэсэн гавъяатай буурлууд юм.

                                           Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд