Монголд туршилтын хөтөлбөр хэрэгжүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-11-23 15:56:08

ВАШИНГТОН. /news.mit.edu/. Массачусетсийн технологийн дээд сургууль /МТДС/ Монголд багш нарын хөгжил, хот төлөвлөлт, хувиараа бизнес эрхлэх чиглэлээр туршилтын хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Монголын Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр болон тус сургуулийн Ерөнхийлөгч Л. Рафаэль Рейф нар гэрээнд гарын үсэг зуржээ. Л. Рафаэль Рейф, уг хөтөлбөрийг дэмжсэн сайд Л.Гантөмөрт талархаж байгаагаа илэрхийлээд, хамтын ажиллагааны томоохон төслүүдийн суурь болсон уг үйл ажиллагааг Монгол Улстай хамтран багаас нь эхлүүлж байгаадаа тун баяртай байна гэж мэдэгджээ.

Мөн МТДС-ийн олон улсын үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Ричард Лестер, “уг туршилтын хөтөлбөрийг эхлүүлэх боломжтой болсондоо бид их баяртай байна. Монголын түншүүдтэй хэд хэдэн хэлэлцээ хийсний үр дүнд уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсон бөгөөд энэ нь Монголд ашиг тусаа өгөөд зогсохгүй МТДС-ийн багш, оюутнуудын сургалт, судалгаанд гайхалтай боломжийг олгох юм” гэж мэдэгджээ.

"Монгол Улс түүх, өв соёлоороо их бахархдаг улс. Монгол нь одоо хэтийн зорилгоо биелүүлэх эргэлтийн цэг дээр байгаа бөгөөд үүнийг бизнесийн янз бүрийн салбарын шинжлэх ухаан, технологийн хөшүүргээр дамжуулан бодит болгох юм. МТДС-тэй түншлэлийн гэрээ байгуулсан нь Монголын хувьд эрхэм зорилгоо биелүүлж, инновацийн экосистемийг бий болгох боломжийг олгох түүхэн үйл явдал юм гэж Л.Гантөмөр мэдэгдэв.

Энэ хөтөлбөрийн хүрээнд ирэх жил нэлээд олон ажил эхлүүлэхээр төлөвлөснөөс зарим нь багш, мэргэжилтэн болон оюутан, залуусыг чиглэсэн байна. Монгол дахь эдгээр үйл ажиллагааг 2009 онд МТДС-д элсэж байсан анхны монгол З.Энхмөнх зохион байгуулах ажээ. МТДС-ийг төгссөн оюутны хувиар Монголд хэрэгжиж буй хөтөлбөрт гар бие оролцох нь миний хувьд нэр төрийн хэрэг юм гэж З.Энхмөнх хэлэв.

Харин МТДС-ийн багш, удирдлага, механик инженерийн профессор Стивен Грэйвс уг санаачилгыг удирдана. Тэрбээр, “бизнес эрхлэлттэй холбоотой үйл ажиллагаа зэрэг харилцан ашиг сонирхлын хүрээний үйл ажиллагаагаар хамтын ажиллагааг эхлүүлэх бөгөөд Монголтой маш их холбоотой хотын асуудлаар судалгаа хийж, сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааны талаар туршлага хуваалцана. Энэ нь харилцааг өргөжүүлж, бие биенээ таньж мэдэх зорилготой бөгөөд урт хугацааны хамтын ажиллагааг бий болгох юм” гэж мэдэгджээ.

Уг хөтөлбөрийн хүрээнд МТДС-ийн Сургалт, судалгааны лабораторийн ажилтнууд Монголд очиж, Монголын их дээд сургуулиудын багш нарт зориулсан нээлттэй сургалт зохион байгуулахын хажуугаар нэг семистерийн хугацааг МТИ-д өнгөрүүлэх боломжийг Монгол багш нарт олгох юм. Ирээдүйд ямар салбарт хамтран ажиллах чиглэлийг тодорхойлох зорилгын хүрээнд МТИ-д зохион байгуулагдах “Монголын хот байгуулалтын зөвлөгөөн”-д хот төлөвлөлтийн 10 шинжээчийг Монголоос урьж оролцуулах ажээ.

Бүс нутгийн бизнес эрхлэлтийг эрчимжүүлэх хөтөлбөрөөр дамжуулан МТДС-ийн багш, оюутнуудаас бүрдэх баг хоёр сарын хугацааг Монголд өнгөрүүлэх бөгөөд энэ хугацаанд Монгол Улсад бизнес эрхлэх зураглалыг хийж, бизнес эрхлэх орчныг сайжруулах арга замыг гаргах юм. Үүнээс гадна, “Global Startup” лабораторийн оюутнууд 6-8 долоон хоног Монголд байж, гар утасны аппликейшн хөгжүүлэх талаар зааж, шинэлэг технологиудыг боловсруулах тал дээр монгол оюутнуудад дэмжлэг үзүүлнэ.

"Монгол бол гайхамшигтай улс. Монголд тулгараад байгаа сорилтуудыг давахын тулд технологийн шинэчлэл болон боловсролыг ихээхэн дэмждэг тус улсын залуу, эрч хүчтэй, ардчилсан нийгэм нь манай оюутан болон судлаачдад маш том боломжийг олгож байна" гэж МТДС-ийн олон улсын үйл ажиллагаа хариуцсан захирал  Бернд Виддиг хэлэв. Тэрбээр 2014 онд үнэлгээнийхээ багын хамт Монголд ирсэн байна.

Д.Нямтулга

 

 

Холбоотой мэдээ