Иргэдийн нийтийн хурлыг хууль зөрчин зарлажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2018-02-21 15:48:24
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Хан-Уул дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчид хуулиас давсан журам шийдвэр гаргаж байгааг мэдэгдэж тус дүүргийн ИТХ дахь АН-ын бүлгээс өнөөдөр "Монгол ньюс" мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ.

ИТХ-ын дарга Б.Цэрэн нь тус дүүргийн 16 хорооны иргэдийн нийтийн хурлыг хуралдуулахгүй байх тухай өнгөрсөн оны нэгдүгээр сарын 3-ны өдрийн 01 тоот, хоёрдугаар сарын 8-ны өдрийн 19 тоот, гуравдугаар сарын 14-ний өдрийн 30 тоот албан бичгийг хүргүүлжээ. Харин энэ оны хоёрдугаар сарын 07-ны өдрийн А/05 тоот тогтоолоор иргэдийн нийтийн анхдугаар хуралдаанд оролцох иргэн нь иргэний үнэмлэх, 2 хувь цээж зураг, оролцох хүсэлтээ илэрхийлсэн өргөдөл зэргийг гаргаснаар хорооны Засаг даргаас мандат авахаар журамласан байна. ИТХ-ын тэргүүлэгчдийн А/06 тогтоолоор хороодын хурлын товыг ийн зарласан нь Үндсэн хуулийн “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага шийдвэрлэж үл болно” гэсэн заалтыг зөрчсөн гэж АН-ын бүлэг үзэж байна.

Энэ үеэр дүүргийн АН-ын бүлгийн дарга О.Батхуяг, “Тухайн хорооны иргэдийн нийтийн хурлыг хурлын тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна гэж заасан байдаг. Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн, Засаг дарга Ж.Алдаржавхлан нар дүүргийн 160 мянган иргэний сонгох, сонгогдох эрхэнд халдаж байгаа А/05, А/06 тоот тогтоолоо цуцлаж, иргэдийн нийтийн хурлыг Үндсэн хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хүрээнд зохион байгуулахыг шаардаж байна” гэв.
Д.Сарантуяа

Холбоотой мэдээ