МҮОНТ-ээс "Ээждээ захидал бичээрэй" захидлын уралдааныг зарлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
mn_tuul@montsame.mn
2018-02-23 10:57:09
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж Монголын үндэсний олон нийтийн телевизээс “Ээждээ захидал бичээрэй” шилдэг захидлын уралдаан зарлалаа.

Хайртай ээждээ хэлж чадаагүй сэтгэлийн нандин үгсээ илчлэх боломжийг энэхүү уралдаан олгодог бөгөөд өнгөрсөн хугацаанд нийтдээ 23 мянга орчим оролцогч уг уралдаанд оролцсон байна.  Жил бүрийн уралдаанаас шилдэг 50-100 захидлыг эмхтгэн ном болгон хэвлүүлэхэд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдрөөр хүүхэд залуус ээждээ бэлэг болгон гардуулдаг болсон байна. Мөн шилдэг захидлыг шалгаруулах хүндэтгэлийн тоглолтыг  зохион байгуулж, шилдэг 10 захидлыг мэргэжлийн жүжигчнээр уншуулж, олны танил хамтлаг дуучдын ээждээ зориулсан уран бүтээлүүдээр чимж үзэгч олонд хүргэсээр иржээ.

Тус телевиз 2007 оноос хойш жил бүр уг уралдааныг зохион байгуулж ирсэн ба шилдэг захидал шалгаруулах уралдааныг энэ жил 10 дахь удаагаа зарлаж байна. Захидлыг ирэх сарын 4-ний өдрийг дуусталх хугацаанд хүлээн авч, эхний байруудыг шалгаруулж мөнгөн шагнал, үнэ бүхий зүйл олгох юм. Харин шилдгийг шалгаруулах хүндэтгэлийн тоглолт ирэх сарын 6-нд Тусгаар тогтнолын ордонд болох аж.
Б.Туул

Холбоотой мэдээ